Францын байгаль судлаач, номлогч Жан Пьер Арман 1869 оны хавар Хятадад зорчиж л дээ. Тэгсэн Сычуань мужийн хэдэн анчин түүнд хар, цагаан өнгөтэй, өтгөн, шигүү үстэй нэгэн амьтны арьсаар хийсэн шуба бэлэглэсэн аж. Өмнө нь тийм гайхалтай зүйл огт хараагүй франц номлогч дуу алдан гайхаж, ямар амьтны үс болохыг асуухад “Бэй шуанг” гэж хариулжээ. Тэр нь хятадаар “Цагаан хэнхдэгтэй баавгай” гэсэн үг юм байна. Өдгөө панда нэрээрээ алдаршиж, Дэлхийн байгаль хамгаалах сангийн бэлгэдэл болтлоо “томорсон” хулсны баавгай Европт танигдах алхам эндээс эхтэй аж.
Ж.П.Арман нутагтаа очоод Хятадаас авчирсан “гайхамшгаа” судлуулахаар Парисын музейд тавьж, том судлаачдыг цуглуулжээ. Анх удаа тийм хачин амьтны тухай сонсож, арьсыг нь барьж үзсэн Францын амьтан судлаачдын нүд нь орой дээрээ гарч байсан гэнэ. Зарим нь номлогчийг худалч хэмээгээд, тэрхүү амьтны арьсыг хиймэл үсэн эдлэл гэж нэг хэсгийг нь цуулж үзсэн гэдэг. 146 жилийн өмнө ийм нэгэн явдал болж, судлаачдын анхаарлыг бэй шуанг буюу панда руу татсан ажээ. Төв Хятадаас гаралтай панда гэдэг амьтан их азтай юм. Мөхлийн ирмэгт очоод байсан бэй шуангийг хятадууд зөв бодлогын ачаар аварч чадсан бөгөөд улсынхаа нэрийн хуудас болгосон билээ.
Өхөөрдөм төрх нь түүнийг олон улсын анхааралд өртүүлсэн гэх. Үүнээс үүдэн бид ч гэсэн мазаалайгаа аварч, хамгаалж, панда шиг алдаршуулж болмоор. Хэдийгээр манай муу мазаалай панда шиг хөөрхөн биш ч гэлээ сурталчилгаагаа сайн хийгээд, өөрсдөө илүү их сэтгэл гаргавал болохгүй зүйлгүй мэт. Үнэндээ бол мазаалай царай муутай биш л дээ. Германы нэг судлаач л “Танай мазаалай өрвийсөн, царай муутай болохоор олон улсад сурталчилж, хүмүүсийн анхаарлыг татахад хэцүү” гэж доош нь хийсэн гэнэ лээ.
Ямар бодлоор тэгж хэлснийг нь мэдэхгүй ч, тэрбээр амьтан судлаач мөн, эсэхэд нь эргэлзэж л байна шүү. Дэлхийд цорын ганц газарт, тодруулбал, Монголд л байдаг мазаалай мөхлийн ирмэгт тулаад байхад ийм юм ярьдаг судлаач байх уу. Энэ мэт гоморхлыг орхиод шинжлэх ухаанд Ursus arctos gobiensis хэмээн тэмдэглэгдсэн мазаалай хэмээх амьтны тухай тоон мэдээлэл хүргэе.
- Мазаалай бол хүрэн баавгайн зүйлд хамаарахгүй, говьд амьдардаг бие даасан цорын ганц төрөл амьтан гэдгийг 2013 онд тогтоосон байна.
- Дэлхийн хэмжээнд ердөө 22 мазаалай Монголд бий.
- Эрэгчин мазаалайг шармаахай гэх бөгөөд биеийн урт нь дунджаар 168 см, жин нь 90 орчим кг.
- Эмэгчнийг нь эвш гэдэг ба хоёр жилд нэг удаа ихэвчлэн ихэр аламцаг төрүүлдэг.
- Мазаалай арваннэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл агуй, хонгилд хэвтэр засаж, ичдэг.
- Монголын “Улаан номд”-д мазаалайг 1997 онд бүртгэсэн. Жил бүрийн есдүгээр сарын 27-ныг Мазаалай хамгаалах үндэсний өдрөөр зарласан.
Ж.ЭРДЭНЭ