Эрүүл мэнд, эрүүл аж төрөх ёсны талаарх мэдээ, мэдээллээрээ алдартай “The Lancet” сэтгүүлд “Хамгийн эрүүл хоолтой улс, үндэстэн” судалгааны талаар нийтэлжээ. Хоол судлаач, шинжээч, хүнсний технологич зэрэг нарийн мэргэжлийнхнээс бүрдсэн багийнхан 187 орны хүн амын хооллолтыг сүүлийн 20 гаруй жилийн турш судалж, дүгнэлтээ гаргасан юм байна. Зөв үнэлэлт, дүгнэлтэд хүрэхийн тулд тухайн улсын газар зүйн байрлал, хүн амын дундаж наслалт, үндэсний орлого, жендерийн асуудал зэрэг хэд хэдэн зүйлийг харгалзан үзсэн хэмээн тайлбарлажээ.
Үүнээс гадна хэрэглэж буй хоол хүнс эрүүл мэндэд нь хэр зохистойг тодорхойлохын тулд тухайн үндэстэн, ард түмэн түлхүү хэрэглэдэг хоол, хүнсний үндсэн бүтцийг судалсан аж. Энэ бүхний эцэст хамгийн эрүүл бүтэцтэй хоол хүнс хэрэглэдэг улсаар Чад тодорсон байна. Дэлхийн хамгийн ядуу буурай улсуудын жагсаалтад дээгүүрт ордог хэдий ч чадчуудын хооллолт маш эрүүл, зөв зохистой байгааг судлаачид онцолжээ. Үүний дараа мөн л нэлээд буурайд тооцогддог Сьерра-Леон, Мали, Гамби, Уганда орж, Кот-д’Ивуар, Гана, Сенегал, Израиль, Сомали улс ард нь жагсав. Энд нэг зүйл онцлоход, дээрх улсуудаас Израиль амьдралын нөхцөл хамгийн сайтай орноор тодорсон байна.
Харин харьцангуй эрүүл бус хооллодог улсуудын гуравдугаарт Монгол маань бичигдсэн байна. Энэ жагсаалтын эхэнд Туркмен, Словак орсон бол Беларусь, Аргентин, Унгар, Чех, Армен, Казахстан, Бельги бидний ард жагсаж. Судалгааны сүүлийн 20 жилийн хугацаанд хятад, энэтхэгчүүдийн хоолны эрүүл бүтэц эрчимтэй алдагдсан талаар судлаачид мөн дурдсан байна. Үүнээс гадна эрүүл хооллолтод эмэгтэйчүүд эрчүүдээс илүү анхаардаг бол настай хүмүүс хамгийн зөв зохистой хоол, хүнс хэрэглэдэг нь судалгаагаар батлагдсан гэнэ.
Эл судалгаагаар “эрүүл, сайн” гэсэн үнэлгээ авсан эхний 10 улсын дийлэнх нь ядуу гэсэн зэрэглэлд хамаарч байгаа бол эрүүл бус гэгдэн муу авсан орнуудын дийлэнх нь хүнсэндээ улаан буюу хонь, үхэр, адууны махыг түлхүү хэрэглэж байгаа нь анхаарал татлаа. Идэж, ууж байгаа хоол, хүнсний маань орц найрлага үнэхээр хангалтгүй, бүр сэтгэл зовоох хэмжээнд байгаа талаар бид өдөр бүр л ярьж, “Хоол хүнс бол тухайн улсын стратегийн чухал асуудал” гээд л цэцэрхдэг хэрнээ үүнийг засаж, залруулах дорвитой арга хэмжээ авахгүй байсаар.
Тэгвэл бид эрүүл бус хооллоод байгааг дэлхийн судлаачид ийнхүү сануулав. Энэхүү судалгааг ахалсан, Кембрижийн их сургуулийн доктор Фүмиаки Имамүра “Бид дэлхийн ард түмнүүдийн хоолны бүтцийг гаргахдаа тухайн улсын онцлогуудыг харгалзсан. Энэ бол зөвхөн европ хоолны соёл, үндсэн орцоор хэмжигдэх боломжгүй өргөн агуулгатай зүйл. Тухайн улсын хүн ам жимс, ногоо, самар, шош, сүү, загас, улаан мах, далайн бүтээгдэхүүнийг хэр хэмжээтэй хэрэглэдэг вэ гэсэн үзүүлэлтийг чухалчилсан” гэжээ.
Э.ХАНА