Бид илгээлт өвөртлөн, Япон улсын ГХЯ, ЭСЯ-ны захиалгаар цуврал нэвтрүүлэг хийхээр Наран улсыг зорьсон юм. Бид гурвыг “Нарита” онгоцны буудалд буухад далайн дулаан чийглэг уур савссан агаар болон аяллыг зохион байгуулагч Михо Абиру угтаж авлаа. Маргааш нь Токио хотын төвд байрлах “Sky tree” цамхагтай танилцлаа. Энэ цамхаг нь дэлхийд хамгийн өндөрт тооцогддог бөгөөд газар хөдлөлт тэсвэрлэх чадвар, хийц дизайн, өндөр хурдтай цахилгаан шат нь япон инженер, зохион бүтээгчдийн ур чадварыг илэрхийлсэн асар том, гайхамшигтай байгууламж болжээ. 640 метр энэ цамхгийн дээд хэсэгт байрлах газардуулагч нь аянга буухад цамхгийн гаднах хэсгээр дамжуулан доош газарт шингээдэг юм байна. Иймээс цамхаг дотор байгаа хүн аянганд өртөхгүй, бүрэн хамгаалагддаг гэнэ. Үдээс хойш бид “Ханеда” нисэх онгоцны буудлаас Хоккайдогийн “Асихикава” нисэх онгоцны буудалд газардахад огт өөр улс, цас мөсний оронд очсон юм шиг мэдрэмж төрөв.
18 хэмийн хүйтэн, маш их цас ордог, энэ тал хээр нутгийнхан хонины мах хүнсэндээ хэрэглэдэг, газар тариалан, мал аж ахуй эрхэлдгээрээ манайхтай төстэй. Бид явсаар Танигуаи гэх газар тариалангийн фермээр орлоо. Энд ажиллагсад бүх юмыг өөрсдийн хүчээр хийж, цэвэр органик бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг чухалчилдаг юм байна. Бордоогоо өөрсдөө боловсруулж, эрдэнэ шиш, улаан лооль тарьж ургуулан, хураасан ногоогоо өвөл нь жижигхэн цехдээ боловсруулан улаан лоолийн жүүс болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэн, тэр хавийнхаа дэлгүүр, супермаркетуудад нийлүүлдэг юм байгаа аж. Бид тэндээс холгүй “Аракава” гэдэг фермд очлоо. Эднийх саалийн аж ахуй эрхлээд 35 жил болж байна. Түүнийг анх энд нүүж ирэхэд эргэн тойронд нь юу ч байхгүй, худаг гаргахаас эхлээд бэрхшээлтэй зүйл их байсан гэнэ. Одоо эднийх саалийн 40 орчим үнээтэй, хоёр хоногт нэг тонн сүү саадаг. Үүнээс зарахыг нь зарж, үлдсэнийг нь өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгож байлаа. Ер нь япончууд хүнсний эрүүл ахуй, ариун цэврийг дээд зэргээр сахидаг нь дээрх хоёр фермээс харагдав.
Манай хөдөөгийнхний сүү цагаан идээгээ боловсруулахтай зүйрлэх ч хэрэг алга. Учир нь дээрх хоёр фермийн ногоо болон сүү боловсруулах цехээр орох бүрт малгай, амны хаалт, углааш өмсгөж, ариун цэвэр, аюулгүй байдлаа чандлан мөрдөхөөс гадна зарим хэсэг рүү орохыг ч хориглож байлаа. Ийнхүү бид газар тариалан, мал аж ахуйн боловсруулалт, борлуулалтыг хослуулсан хоёр фермтэй танилцаад галт тэргээр Саппоро хотын зүг хоёр цаг аялахад цас мөсөөр хучигдсан талын дунд намхан байшингууд торойн харагдах нь Монгол нутгийг минь санагдуулна. Японы хоёр дахь том арал Хоккайдогийн бахархал болсон цасны баяраар Саппоро хотын төвд барьсан цас мөсөн баримлууд нь лазерийн гэрэл, өнгө өнгийн үзэсгэлэнт чимэглэлээрээ ер бусын оронд очсон юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Жил бүрийн хоёрдугаар сард тэмдэглэдэг энэ баярыг гадаад, дотоодын хоёр сая орчим хүн сонирхдог юм байна. Энд янз бүрийн үлгэрийн баатар, амьтан, сүм хийдийг 3D гэрлийн аргаар үзүүлэхээс гадна хүүхэд залуусын тоглож наадах гулгуур, шоу цэнгээн, худалдаа, хүнсний үйлчилгээ цөм бүрэн, багахан хэмжээний хот байгуулжээ. Энэ бүгдийг цас мөсөөр бүтээж босгоход 3000 урчууд ажилласан гэж зохион байгуулах хорооныхон ярив.
Маргааш нь бид Саппоро хотын “Маруяма” амьтны хүрээлэнд очлоо. 1951 онд байгуулагдсан, одоо 108 төрлийн амьтантай анхны энэ хүрээлэнд жилд гадаадын 960.000 жуулчин ирдэг бөгөөд бас байгальд ээлтэй эко эрчим хүч ашигладаг юм байна. Орон нутгийн засаг захиргаа, хувийн хэвшлийнхэн таван жилийн өмнөөс энэ төслийг хамтран хэрэгжүүлж байгаа гэнэ. Энэ хүрээлэн цас, нар, модны хаягдал ашиглан эко эрчим хүч гарган авч байна. Өвөл орсон цасыг наймдугаар сар хүртэл хадгалж сэрүүцүүлэх төхөөрөмжид ашиглахаас гадна ой модныхоо өмхөрсөн, хөгширсөн хэсгийг модны үртэстэй нийлүүлэн перето гэх түлш гарган авч байх юм. Уг паркийн эрчим хүчний 15- 30 хувийг ийм аргаар хангадаг аж. Мөн бусад хот салхи, газрын гүний тогтвортой дулаан, хог зэргээс эрчим хүч гарган авдаг гэнэ. Мөн үүнээс гадна “Иватачизаки” гэх барилгын компани газрын гүний дулаан ашиглаж шалнаас халдаг технологи нэвтрүүлжээ. Тус компани 2013 оноос газрын гүний усыг дулаанд ашиглах болжээ. Энэ нь тусгай халуун насосны тусламжтайгаар усыг 39 хэм болтол халааж, бага цахилгаанаар их дулаан гарган авах технологи юм байна. Мөн эднийх 2050 он гэхэд нүүрсхүчлийн хийг 80 хувь багасгах зорилт тавин ажиллаж байгаа гэлээ.
Бидний дараагийн зогсоол бол Саппоро хотын төвд байрлах “Саппоро дом” гэгдэх 53.000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн. Энэ хүрээлэн бас л сэргээгдэх эрчим хүч хэрэглэдэг, түүнийхээ 15 хувийг нарны цахилгаан эх үүсгүүрээр хангаж байлаа. Зун нь цонхоо онгойлгож нарны туяа оруулж эрчим хүчээ хэмнэхээс гадна тэр дулаан агаарыг ашиглах сэрүүцүүлэх төхөөрөмжөөр тоноглогджээ. Цаашид бид сэргээгдэх эрчим хүчнийхээ хэмжээг нэмэхээр зорьсон гэж хэлж байгаагаас нь харахад энд манайх шиг нүүрс ашиглан эрчим хүч гарган авах ухааныг бүр мартсан бололтой. Энэ цэнгэлдэхэд хөлбөмбөг, бейсбол тоглохоос гадна тайз талбайгаа өөрчлөн концерт, янз бүрийн арга хэмжээнд ашиглаж болдог юм байна. Бид ийнхүү Хоккайдо нутгаар гурав хоног аялаад Токиод ирмэгцээ ГХЯ-ны олон улсын манга комиксын уралдааны шагнал гардуулах ёслол руу хөдөллөө. Учир нь Японд болдог олон улсын комекс урлагийн найм дахь удаагийн наадамд манай улсаас анх удаа оролцсон шог зураач С.Цогтбаярын шавь Н.Эрдэнэбаярын “Бумбардай” бүтээл гран при шагнал авчээ. Энэ нь цаашид 108 бүтээл болж гарах юм. Хоёр, гуравдугаар байрт Тайвань, Хятадын уран бүтээлчид жагсчээ. Манга комекс урлаг нь япон төдийгүй дэлхийн бусад оронд түгэн тархаж буй юм байна.
Бид маргааш нь өндөр барилга барьдаг гэдгээрээ Японд алдартай “Тэйсээ” барилгын компанитай танилцав. Япон дулаан чийглэг уур амьсгалтай орон болохоор иргэд нь эрт дээр үеэс хөнгөн, авсаархан байр сууц барин амьдарч иржээ. Гэтэл орчин үед хүн амын өсөлт, газар хөдлөлт, цунами, хөрсний нуралт зэргээс шалтгаалж өндөр барилга барих болсон нь зүйн хэрэг. 1923 онд Киотод хүчтэй газар хөдөлснөөс болж их хэмжээний хохирол амссан тул дараа жилээс нь дэлхийд анх удаа “Газар хөдлөлт тэсвэрлэх, стандартын байшин барилга барих ёстой” гэсэн хууль гаргажээ. 1981 онд энэ хуулийг шинэчлэн сайжруулсан болохоор үүнээс өмнө баригдсан барилгыг стандартын шаардлага хангаагүй гэж үздэг юм байна. Одоо Японд газар хөдлөлтөд тэсвэртэй барилга барихад гурван үндсэн технологи ашиглаж байна. 1. Тайсэн-Барилгыг чанарын өндөр түвшинд барих ёстой. Газар хөдлөлтөөр уг байшинд цууралт гарсан ч дотор нь байгаа хүмүүсийн амь насанд аюулгүй. 2. Сайшин-Барилгын уян хатан байдлыг хамгаалж газар хөдл өлт өөс үүссэн чичирхийллийг сааруулах тосон даампарыг өндөр барилгуудын голд байрлуулжээ. Тэр нь газар хөдлөлтийн хүчийг цааш дамжуулахг үй сарниулдаг гэнэ.
Үүнийг голдуу 200 метрээс дээш өндөр байшинд хэрэглэдэг. 3. Мэйшин-Байшингийн сууринд тусгай зөөлөн резин бөмбөлөг маягийн эд анги суулгаж өгдөг. Энэ нь чичиргээг дээш дамжуулахгүй, дээд зэргийн уян хатан технологи. Үүнийг одоо олон газарт эмнэлэг, үйлдвэр гэх мэт өндөр барилгуудад ашиглаж байгаа гэнэ. Япончууд тэнгэр баганадсан барилгууддаа энэ гурван технологийг ашиглаж байна. Гэтэл манайх борооны дараах мөөг шиг энэ олон барилгаа ямар технологи, стандартын дагуу барьж байгааг бид таашгүй. Японы үндэсний ногоон цайны ёслолыг бид үзэж сонирхсон. Энэ үеэр манай сэтгүүлч Б.Энхзулд кимоно өмсгөн, цайны ёслолд оролцуулсан юм. Дараа нь Токиод байрлах Харажукугийн Такэшта гудамжтай танилцлаа. Энд Японы төдийгүй дэлхийн залуучууд ирэхийг их хүсдэг гэнэ. 50 жилийн өмнө бараг юу ч байгаагүй энэ газар ёстой хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхдөг том гудамж болжээ. Энд бас Япон, Оросын (1904.02.05-1905.09.05-онд болсон, Манжуурын дайн ч гэдэг) дайны үед Оросын онгоцыг буудан унагаж байсан цэргийн жанжин Тоогоод зориулсан үзэсгэлэнт сүм байх юм. Мөн энэ хавь газар доорх, 400 унадаг дугуйн зогсоолтой. Бидний дараагийн хүрэх газар Токио хотоос баруун тийш онгоцоор цаг, гучин минут нисэх Тоттори муж байлаа. Япон тэнгис, сүрлэг уулсынхаа дунд сунаж тогтсон энэ муж далайн эрэг дагуу үзэсгэлэнт элсэн манхантай.
Энд гадаад, дотоодын жуулчдад зориулсан уналгын тэмээ байх юм. Тэр тэмээг унахдаа хүмүүс тусгай бэлдсэн шат тавцан ашиглаж байгааг бодвол манай тэмээд шиг хэвтүүлж байгаад мордож сургаагүй бололтой. Ширүүн давалгаат Япон тэнгис болон энэ бүгдийг телевиз үзэгчдэдээ хүргэх гэж манай зураглаач Г.Мөнхбаяр ёстой л усанд орж, ууланд нисэх нь холгүйгээр зураг авч байлаа. Бид тус мужийн Соёл, аялал жуулчлал, спортын газраар орсон. Эднийх Зүүн хойд Азийн орнуудтай, тэр дундаа манай Төв аймагтай 1998 оноос хамтын ажиллагаатай болж, 2002 онд япон хэлний анги байгуулжээ. Мөн хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын салбарт үйл ажиллагаа явуулдаг юм байна. Төв аймгийн бага насны хүүхд үүдийн амны хөндийн эрүүл ахуйд анхааран, эмч томилон ажиллуулахаар болж буй гэж тэнд ажиллаж байгаа С.Цэрэндолгор гэдэг бүсгүй ярив. Бид мөн “Тотори Шоохоку” ахлах сургуулийн сүмо бөхийн клубтэй танилцлаа.
Энд япон, монгол 20 орчим хүүхэд бэлтгэл сургуулилалтаа ид хийж байгаатай таарлаа. Тэдний дунд зургаан монгол хүүхэд ирээдүйд их аваргуудынхаа залгамж халаа болон шийрийг хатаахаар шамдан суралцаж байна. Багш нь Г.Рэнчиндорж гэх монгол залуу “Сүмо бөх гэдэг их хатуужил тэвчээр, зориг, хүч шаардсан спорт болохоор өдөр тутмынхаа бэлтгэлийг таслахгүй хийж байна. Манай зургаа ч гэсэн япон хүүхдүүдээс дутахгүй хичээж байна. Манай дэвжээнээс гарсан олон бөх мэргэжлийн сүмод барилддаг” гэж байлаа. Биднийг дурсгалын зургаа татуулаад мордоход тэр хэд маань танихгүй айлд үлдсэн цэцэрлэгийн хүүхдүүд шиг хонин бор нүдэндээ хөнгөн гуниг тээсээр үлдэв. Дараа нь бид “Нанкай” гэх ноос, ноолуурын ээрмэлийн үйлдвэрээр орлоо.
Энэ үйлдвэр 30-аад компанид бүтээгдэхүүнээ нийлүүлэхээс гадна Монголд үйл ажиллагаа явуулж байсан “Танилаг” компанитай хамтран ажилладаг юм байна. Чанартай утас хийх гол үндэс нь нарийн ээрэх явдал аж. Монголын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах сонирхолтойгоо тус үйлдвэрийн захирал ярьж байлаа. Тэд цаашдаа торго, дээд зэргийн даавууны утас ээрэх зорилго тавьжээ. Эцэст нь хэлэхэд, хэт өндөр хөгжсөн энэ орноос сурч судлах юм бидэнд тоймгүй олон болохыг уншигч авхай юу андах билээ. Уншигч та бүхэн энэ талаарх дэлгэрэнгүй сурвалжлагыг “MN 25 дугаар суваг” телевизээр маргаашнаас хүлээн авч үзээрэй.
Ц.ЛХАГВАСҮРЭН