Токио хотноо гуравдугаар сарын 4-нд нээлтээ хийсэн монгол, япон бичгийн уран татлагын “Тэнгэр нар, түншлэл” үзэсгэлэнг Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ өнгөрсөн бямба гаригт очиж үзжээ.
Ш.Абэ монгол бичгийн өв соёлыг сонирхон тайлбарлуулаад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн татсан “Морьтон”, УИХ-ын гишүүн Л.Болдын “Алтан гэрэгэ”, уран татлагын мастер Д.Баттөмөрийн “Далавчилна”, яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн “Фүжияама” зэрэг бүтээлүүдийн өмнө тухлан саатан сонирхов. Япон уран татлаачдын дотроос Ш.Яхаги, К.Моримото нарын бүтээлүүдийг өндөр үнэлэв.
Монгол, Японы улс төрчид, уран татлагын мастеруудын 90 гаруй бүтээлийг дэлгэсэн энэхүү үзэсгэлэнг энэ жил Токиогоос гадна Точиги, Нийгата, Фүкүй мужид гаргах юм. Мөн 2016 онд Улаанбаатарт Зүүн хойд Азийн орнуудын уран татлагын үзэсгэлэн гаргах бөгөөд тэр үзэсгэлэнг 2017 онд Парист ЮНЕСКО-ийн төв байранд гаргах ажээ.