ХБК-ийн Б.Зориг багшаар ахлуулсан цохивор хөгжмийн чуулга жил бүр “Найруулга” тоглолт толилуулдаг. Найм дахь удаагийн тоглолт Улсын филармонид энэ сарын 13, 14-нд “1001 шөнийн үлгэр” нэртэй болох нь. Оросын хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковийн “Шехерезада” , Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэрүүн намар” рок балетийн “Манан”, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн “Хөдөөгийн сайхан” симфони чуулбарын “Тэмээчдийн уралдаан” тэргүүтэй олон бүтээлийг 24 цохивор хөгжимчин амилуулах юм байна. “Шехерезадаг 1001 шөнийн үлгэрээс сэдэвлэн бичсэн учир тоглолтоо ийн нэрлэсэн. Энэ бүтээлийг тоглохыг олон жил мөрөөдсөн” хэмээн Б.Зориг багш хэлсэн. Уг зохиолыг дэлхийд анх удаа цохивор хөгжмөөр тоглох гэж байгаа нь энэ аж. Төрийн шагналт, ардын жүжигчин С.Гончигсумлаагийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан “Тэгвэл хоёулаа” дууг зургаан цохивор хөгжимчин тоглох юм байна. Тоглолтод Б.Батцэцэг яруу хэнгэргээр, Ө.Золжаргал, Э.Түвшинсайхан нар маримбагаар, Н.Бямбадорж вибрафон хөгжмөөр гоцлох аж.