Хөгжимчний ур чадварыг дээшлүүлж, тухайн хөгжмийн зэмсгийнхээ хөгжилд хувь нэмэр оруулах бүтээл туурвихыг хөгжмийн зохиолчид эрмэлздэг. Ялангуяа тухайлсан хөгжимд зориулсан бүтээлүүд энэ зорилгоо илүү сайн биелүүлдэг. Дэлхийн алдартай хөгжмийн зохиолчид төгөлдөр хуур, хийл, утсан хөгжмийн квартет, сикстетэд зориулсан гэх мэтээр хөгжмүүдээ бичиж, тухайн хөгжмийн зэмсгийнхээ хөг аялгууг илүү тодруулж, тоглоочийн ур чадварыг ахиулсан байдаг.
Тэгвэл Монголын хөгжмийн зохиолчид ч ардын хөгжмийнхөө өнгө төрхийг таниулж, гайхам аялгууг нь таниулах олон зохиол бичсэн байна. Эдгээр зохиолыг Улсын филармонийн хамт олон “Монгол уран бүтээл” зорилтот хөтөлбөрийнхөө хүрээнд энэ сарын 19-нд тоглохоор болжээ. Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров, Төрийн шагналт З.Хангал, Ц.Нацагдорж, Б.Мөнхболд нарын ардын хөгжимд зориулан бичсэн уран бүтээлүүд энэ үдэш эгшиглэх бөгөөд тоглолтыг Н.Жанцанноров гуай тайлбарлан хүргэх гэнэ.
Саяхан “ITB Berlin”-нд оролцож, эх орноо сурталчилсан Морин хуурын чуулгын хөгжмийн зохиолчдын концертуудыг Д.Түвшинсайхан удирдаачийн удирдлаганд тоглох юм.