Хаалга онгойлгох чимээ сонсогдлоо, тэр ирж явна. Харц нь над дээр тогтоод тэгш цагаан шүдээ яралзуулан инээмсэглэлээ. Тэр үргэлж ингэдэг юм. Таван жилийн өмнө ийм л байсан. Одоо ч янзаараа. Тавин жилийн дараа ч инээмсэглэсээр ирэх биз. Түүний элгэмссэн, эрхэлсэн инээмсэглэлийг харсаар суухыг үргэлжид хүсэх авай. Одоо тэр орчин цагийн нүргээнт хотын үймээн дунд яарч яваа сэхээтэн бүсгүй.
Гэвч би түүнийг алтан харганатай талд аргал түүж явна гэж төсөөлөх дуртай. Тэр миний төсөөллийн ертөнцөд бараа нь харагдах алсад, алтан харгана дунд аргал савардаж явна. Нүүдлийн соёл иргэншилд өнгөрүүлсэн хүүхэд үеэ дурсах дуртай учраас түүнийг би аргал түүж яваагаар төсөөлдөг юм. Магадгүй тэр гал түлж, намайг дуулаацуулахаар аргал түүж яваа байх. Тэр ерөөсөө тийм л сэтгэлтэй хүн.
Алтайн уулсын цас мөсөн дуулга хайлах нь аавыгаа дурсаад унагасан түүний нулимс юм. Тэнгэрийн орон руу одсон аавыгаа тэр үгүйлэн үгүйлэн гунигладаг, дуулан дуулан гансардаг. Бас Алтайгаа санадаг. Хүүхэд насных нь инээд шингэсэн Цахлайтын чулуунуудаа үгүйлдэг. Тэр үрээ үүлгүй тэнгэрийн наран мэт ивээж энэрнэ.
Маргааш тохиож мэдэх аюулаас өнөөдөр харамлаж хайрлана. Түүнээс хүн хийгээд орчлонгийн мөн чанар нэвт гэрэлтнэм. Түүнийг хайрын цагаан уул цэцэгтэй зүйрлэвэл Алтайн уулс амьдрал юм. Би Алтайн уулсын оройд орооцолдсон үүл юм. Үүлс хураа хайрлаж, цагаан уул цэцгийг тэтгэнэ. Цэцэг өнгөө үл алдана. Түүнийгээ үл цочоож, үүрд жаргаахыг хүснэм.
Т.ЭНХБАТ