Дөрвөн настай охиноо хүчирхийлсэн аавын тухай мэдээлэл нийгэмд тархаж буй энэ үед сайхан аавын тухай өгүүлсэн “Аав” кино нээлтээ хийлээ. УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэгийн найруулсан анхны дэлгэцийн бүтээлийн гол дүрд жүжигчин Ц.Цэрэнболд, Б.Шинэбаяр, Б.Мөнхдэлгэр нар тогложээ. Залуу насны эрх чөлөө, сайхан бүхнийг амсаж амжаагүй оюутан залуу Мөнхбат гэнэтхэн ганц бие аав болчихно. Өөрөө өнчин хүүхэдтэй “хүүхэд”-д дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу, хамаг аз жаргалыг нь тэр бяцхан амьтан хулгайлчихсан мэт санагдавч тэрбээр эцэст нь юу түүнд үнэ цэнэтэйг ойлгодог. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр дөхөж байхад аавын тухай кино нээлтээ хийсэн тун сонин санагдсан ч энд ч бас сайхан ээж, эх хүний үнэ цэнийг хожим мэдрэх охины тухай өгүүлэх аж.
Ганц бие аав болон ээжгүй охин, бас аав болохдоо бэлэн биш залуу, төрсөн үрээ энгэртээ наах төөрөггүй ч олон хүүхэд өсгөсөн эх гээд олон дүрийн сэтгэлзүйг тус тусын өнцгөөс нь найруулагч тун соргог мэдэрч эл бүтээлд онож тусгажээ. “Аав” киноны зохиолыг бичсэн найруулагч М.Энхдалай “Аавыгаа алдаад буцааж авах мэдрэмж ямар байдгийг би биеэрээ ойлгож зохиолоо бичсэн учир энэ кино үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндөх биз ээ” хэмээн манай “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн. “Одоо очоод аавдаа хайртай гэж хэлээд үнсэнэ ээ”, “Аавууд ийм хөөрхөн”, “Мэдсэн бол салфеткатай ирдэг байж” хэмээн кино дууссаны дараа аньсага чийгтэй үзэгчид хоорондоо шивэр авир хийж байсан нь М.Энхдалайн хэлсэн үг зүгээр ч нэг хоосон бардамнал биш байсныг гэрчлэв. Үнэхээр ч хүн гэдэг сэтгэл зүрхтэй л амьтан юм бол эл бүтээлийг үзээд нэгийг бодож хоёрыг тунгааж, ухаарал авах аж.