“Монгол циркийн хөгжлийн төв” төрийн бус байгууллага Монголын үндэсний цирктэй хамтран зохион байгуулж буй “Дэлхийн цирк Монголд-2015” олон улсын шилдэг циркчдийн хоёр дахь удаагийн хамтарсан тоглолт энэ сарын 23-наас эхлэх гэж байгаа билээ. Тус тоглолтод манай улсаас дэлхийн олон улсын циркчдийн тэмцээнээс мөнгөн цом авсан Б.Норовсамбуугийн дэглэсэн “Цасны ирвэс” уран нугаралтын үзүүлбэрийг үзүүлэх аж. Мөн Т.Номуунбаатар ахлагчтай багийнхан агаарт зургаан удаа эргэж дэлхийн дээд амжилт эвдсэн “Шидэх банзнаас үсрэгчид” үзүүлбэрээрээ оролцох юм. Дэлхийн олон улсын циркийн тоглолтыг Монгол Улсад зохион байгуулахад бэлэн болжээ.
Тоглолтын талаар “Монгол циркийн хөгжлийн төв”-ийн тэргүүн Н.Эрдэнээс тодрууллаа.
-“Дэлхийн цирк Монголд” олон улсын циркчдийн тоглолтыг хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Анхны тоглолт нэлээд дуулиантай болсон санагдаж байна.
-2013 онд “Дэлхийн цирк Монголд” тоглолтыг ССАЖЯ-ны ивээл дор зохион байгуулсан. Тоглолтод 13 орны 70 гаруй уран бүтээлч оролцож, 14 хоногийн турш үзэгчдийг цэнгүүлсэн. Харин энэ удаа АНУ, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Ардчилсан Солонгос, Украин, Вьетнам, Беларусь, Латви, Монгол зэрэг 12 орны, олон улсын нэр хүндтэй, өндөр зэрэглэлийн тэмцээнүүдийн эхний байруудын шагналтай 60 гаруй жүжигчин оролцохоор болсон. Тоглолт долоо хоног үргэлжилнэ.
-Жүжигчид Монголд хэзээ ирэх вэ?
-Энэ сарын 18-ны өдрөөс эхлээд гурван өдрийн турш баг багаараа хуваагдан ирнэ.
-Энэ тоглолтын онцлогийг зохион байгуулагч нь илүү сайн мэдэж байгаа байх. Үзэгчдэд ямар шинэ мэдрэмж өгөх бол?
-Хоёр тоглолтын нэр ижил боловч хөтөлбөр нь өөр. Тухайлбал, циркийн “хаан” үзүүлбэр гэгддэг агаарын нисэлтийн үзүүлбэрээр дэлхийд тэргүүлдэг БНАСАУ-ын жүжигчид ирнэ. Мөн БНХАУ-ын циркчид шилдэг үзүүлбэр тоглоно. Энэ удаагийн тоглолтод дэлхийд эхний гурван байрт ордог, олон улсын тэмцээний шагналт шилдэг номерууд багтсан. Циркийн тоглолтын 50-60 хувийг алиалагч нар авч явдаг. Энэ удаагийн тоглолтод оролцох алиалагч нар АНУ-ын Лас Вегас хотоос ирнэ. ОХУ-аас “Дамнуурган дээр үсрэгчид”, Испанийн илбийн шоу, Вьетнамын сургуультай сармагчин, Латвийн ноход, Украинаас гурван метр урт аварга матар, могойн үзүүлбэр толилуулна.
-“Монгол циркийн хөгжлийн төв”-ийнхөн энэ жил ямар ямар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа вэ?
-Циркийн гадаад харилцааг хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллана. Жүжигчдээ олон улсын уралдаан тэмцээнд идэвхтэй оролцуулах болно. Энэ тоглолт ч гадаад хамтын ажиллагааны нэг хэлбэр юм.
Ж.СОЛОНГО