Леонардо ди Каприо 24 өөр хүний шинжийг өөртөө багтаасан дүрд тоглох нь. Тодруулбал, тэрбээр сэтгэл хуваагдал өвчтэй Билли Миллиган гэгч бодит хүний амьдралаас сэдэвлэсэн “Олон хүн бужигнасан өрөө” кинонд тоглох аж. “Холливуд репортер”-т мэдээлснээр тэрбээр энэ хүний тухай 20 жилийн өмнөөс судалсан гэнэ. Сэтгэцийн өвчтэй эрийн дүрээрээ Леонардо ди Каприо “Оскар”-т нэр дэвшиж магадгүй гэж кино шүүмжлэгчид үзэж байна. Сэтгэл хуваагдах өвчин гэдэг нь хүн сэтгэлзүйн хувьд биенээсээ ангид, эсрэг тэсрэг хэлбэрүүдэд хуваагддаг сэтгэцийн гажсан үйл ажиллагаа юм байна. Өөрөөр хэлбэл, хүний дотор өөр шинж төлөв, ухамсар бүхий хэд хэдэн хүн зэрэг оршино гэсэн үг. Ийм өвчтэй хүмүүс өөрийгөө хянах чадвараа алдаж, дотроо зөрчилддөг бөгөөд хуваагдсан дүрүүд нь хэн нэгэндээ захирагддаггүй гэнэ. Билли Миллиган нь хамгийн олон сэтгэлзүйн хуваагдалд орсон хүн бөгөөд гэмт хэрэг хийсэн ч энэ өвчнөөсөө болж ял шийтгүүлээгүй Америкийн анхны хүн юм байна. Түүний дотор 24 өөр хүн оршдог гэнэ. 1981 онд 24 настай, коллежийн оюутан Билли Миллиган хэд хэдэн бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт буруутгагджээ. Шүүх хурлын явцад эмч нар түүнийг ийм өвчтэйг мэдсэн байна. Түүний дотор өөрийгөө анагаах ухааны нарийн мэдлэгтэй, араб хэл мэддэг Артур гэх англи эр болон Реган нэртэй Хорватаар чөлөөтэй ярьдаг хүн, аймхай, бие муутай Денни зэрэг олон дүр байдаг аж.