“Шинэ ертөнц” продакшны захирал, “650”, “03:30”, “Ерөнхийлөгчийн туслах” киноны зохиолч, найруулагч М.Энхдалайтай ярилцсанаа хүргэе.
-УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэгийн найруулсан, нөгөөдөр нээлтээ хийх “Аав” киноны зохиолыг та бичсэн. Өөрөө найруулагч хэрнээ яагаад зохиолоо бусдад өгсөн юм бэ?
-“Аав” зохиолоороо өөрөө кино хийх том зорилготой байсан юм. Ц.Цэрэнболд ахыг гол дүрд тоглуулахаар төлөвлөж, санал сэтгэгдлээ хэлээрэй гээд түүнд зохиолоо өгсөн юм. Тэгтэл Г.Эрдэнэбилэг ах бас уншаад тэр зохиолд автаж, үүгээр би л кино хийнэ гэж “шатаж” , надад санал тавьсан. Би ч гэсэн анхны киногоо найруулахдаа “шатаж” явсан учир ойлгож, дургүйцээгүй.
-Жаахан ч гэсэн харамсалтай санагдаж байна уу?
-Үгүй ээ. Миний бичсэнийг бусад хүн ямар өнцгөөс харж, яаж хийх нь надад сонирхолтой байна. Тэр тусмаа Эрдэнэбилэг ах найруулж байгаа нь зөв. Энэ зүгээр ч нэг тохиол биш, цаанаасаа утга уялдаатай. Яг ямар утга учиртайг хожим тайлна. Ямар ч байсан Эби ахад “Та найруулах болсон нь учиртай, бидэнд ийм холбоо байж” гэж хэлэхэд их гайхсан. Тэр хүн ийм сэдэвтэй кино хийхсэн гэж бодож явахдаа миний зохиолыг уншиж таарсан юм билээ.
-Киногоо бодит амьдралаас сэдэвлэсэн үү?
-Эхнэр нь орхиж явснаас болж долоон сартай охиноо дагуулж явдаг таксины жолооч залуугийн тухай цахим ертөнцөөр нэг хэсэг шуугисан. Тэр залуугийн амьдралтай бага зэрэг төстэй. Гэхдээ иймэрхүү зүйл тохиолдсон хүний тухай 10 жилийн өмнө мэдэж, кино хийх санаа төрсөн ч дотроо тээсээр явсан. Энэ хугацаанд ийм явдал бусдад давтагдаад л байсан учир хөндөж гаргах нь зөв гэж бодсон. Мэргэжлийн шүүмжлэгч, найруулагчдад зохиолоо уншуулж алдаагаа зассан. Энэ кинонд ганц аав биш, сайхан ээж, охины дүр ч бий.
-Зохиолоо бичихдээ л жүжигчин Цэрэнболдыг аавын дүрд төсөөлсөн үү?
-Би их “занамтгай” хүн л дээ. Тухайн хүнийг кинондоо тоглуулна гэж бодсон л бол зорьсондоо заавал хүрч байж санаа амардаг. “Ерөнхийлөгчийн туслах” киноны гол дүрд Мөрөн хэмээх бяцхан хүү тоглосон. Оюутан байхдаа нэг студид дадлага хийх үедээ Мөрөнг хараад эрт, орой хэзээ нэгэн цагт заавал түүнийг киноныхоо гол дүрд тоглуулна даа гэж бодсон юм. Дөрвөн настай хэрнээ их авьяастай эвлэгхэн хүү байсан. Тэгээд л марталгүй, хожим нь түүнд зориулж гол дүрээ бичиж, киногоо хийсэн. “Аав”-ыг бичих үед яалт ч үгүй Цэрэнболд ах л нүдэнд харагдсан юм. Энэ хүн хэдэн ч төгрөг нэхсэн өрөнд ороод ч болтугай тэрийг нь өгч, яаж ийж байгаад л тоглуулна гэж бодсон.
“Аав” зохиолоо цээжний пангаараа биччихээгүй, сэтгэлээс гарсан юм. Миний аав хэдэн жилийн өмнө зүрхний хагалгаанд орсон. Эмч нар “Бараг л найдваргүй боллоо. Ар гэрээс нь хүн байна уу” гэхэд ингээд л үхэх нь гэж бодсон шүү. Тэр үед би ойр дотны хүн үхэхэд ямар мэдрэмж төрдгийг ойлгосон. Буцаад сэхэхэд нь хүн ямар их баярлаж, юу мэдэрдгийг мэдэрсэн. Аав минь намайг орхих шахсан нь надад асар ихийг ойлгуулсан. Энэ зохиолоо бас аавдаа зориулсан. Хүний сэтгэлийн утсыг хөндсөн бүтээл болж чадсан байх гэж найдаж байна.
-Аавдаа хандах хандлага тань урьдынхаас өөрчлөгдсөн биз?
-Хожим харамсах юм хийж ёстой болохгүй гэдгийг ойлгоод бүх зүйл дээр анхаарал халамж тавьдаг болсон. Саяхан сар шинээр нутаг явж ээж, аавтайгаа золгоод ирлээ. Бүтэн наркозонд орж, хагалгаа хийлгэсэн хүн ойролцоогоор гурван жил хурц ааштай, гомдомтгой байдаг гэнэ. Нас ахиад ч тэр үү, аав “Дээхнэ ирэхдээ ийм, тийм юм авчраагүй” гээд л гомдоллоно. Маргааш нээлтээ хийх энэ киноны гол дүр жолооч. Аав минь бас тээврийн жолооч, цэргийн офицер байсан. Эмэгтэй дүү минь зургаан настайдаа аавд зориулж
“Богинохон хар сахалтай
Бор ч биш, шар ч биш царайтай
Бас ч болоогүй жолооч мэргэжилтэй
Баян ч биш, ядуу ч биш амьдралыг бидэнд заяасан” гээд шүлэг зохион уншиж, уйлж байлаа. Цагаан сараар тэрийг ярьж, багын явдлаа дурсан, ийм кино хийх гэж байгаа гэж дуулгасан. Аав “Энэ киногоо надад зориулж бичсэн үү” гэхээр нь “Яг ч таны амьдралыг дуурайлгаагүй л дээ” гэхэд гомдох жишээний.
-Аавыгаа алдаад, буцааж авах ямар байдгийг мэдэрсэн болохоор кино хүмүүсийн сэтгэлд хүрнэ байх гэлээ. Тэгвэл та юу хийж, юу мэдрэхийг хүсэж байна вэ?
-Мөрөөдөлдөө хугацаа заахыг зорилго гэдэг. Би ямар ч байсан зорилготой, зөв амьдрахсан гэж боддог. Мэдэрч үзмээр зүйл гэхээр...Халуун дулаан гэр бүлтэй болж, тайван сайхан амьдрах ямар байдгийг мэдэрмээр байна. Амьдралын хамгийн сайхан нь гэр бүлийн аз жаргал. Оюутан цагийн үерхлийн дундаас гарсан хүүтэйгээ одоо хоёулхнаа амьдардаг. Гурвуулаа, дөрвүүлээ, тавуулаа амьдрах ямар байдгийг мэдрэхсэн. Энэ л ямар ч мөнгөөр үнэлэшгүй үнэт зүйл. Идэх хоол, өмсөх хувцастай, дуртай ажлаа хийж явахад бусад нь болно. Хүү маань одоо тавдугаар анги. Хамт явахаар хүмүүс “Та хоёр ах дүү юм уу” гэдэг.
-Жирийн хүнээс илүү холыг хардаг, мэдрэмжтэй “ангид” хүмүүс найруулагч болдог гэж ойлгодог. Та бусдаас өөрийгөө юугаараа өөр гэж мэдэрдэг вэ?
-Миний анхны багш Хэнмэдэхийн Энхжаргал “Найруулагч дотроо байлдан дагуулагч, дарангуйлагч, нохой бөөс гээд олон төрөл бий. Чи олон цоожинд таардаг түлхүүрийн арга барилаар ажиллах нь зөв” гэж байсан. Дарангуйлагч гэхээр их, бага, том жижиггүй бүгдийг нь загнаж байгаад ажиллуулдаг бол байлдан дагуулагчид уриалдаг. Тэгэхээр би Дулмаа муу жүжиглээд байвал түүнийг зэмлэл магтаалын алинд нь ташуур авдгийг нь мэдэж, онцлогт нь тааруулж харилцдаг. Мөн зөвхөн нэг төрлөөр дагналгүй, киноны олон жанраар бүтээж чаддаг байх ёстой гэж ойлгож байгаа.
-“Зохиолч гэж тусдаа төрсөн хүмүүс байхад, жүжигчид, найруулагчид нь өөрсдөө кино зохиолоо бичих болж. Энэ нь киноны хэл, чанарт муугаар нөлөөлдөг” гэж уран бүтээлчид шүүмжилдэг. Та ямар бодолтой байна вэ?
-Үргэлжилсэн үг, яруу найраг гээд л уран зохиол дотроо олон төрөлтэй. Кино зохиолч бичдэг хүн тэднээс ялгаатай. Кино зохиолд “Мяралзан урсах голын хөвөөгөөр” гэх зэрэг уран тансаг дүрслэл хэрэггүй. Голын хажуугаар хүн алхаж байна гэх энгийн хэллэгтэй, үзэгдэл бүрийг илүү дутуу үггүй, яг таг бичих хэрэгтэй. Бусдаар зохиол бичүүлэх гэж үзсэн. Мяралзан урсах гол гээд л уран зохиол шиг олон хуудас дүүрэн биччихдэг. Киноны дүрслэл ямар байх нь найруулагч, кино зураачийн ажил байтал зохиолчид тэрийг нь биччихдэг. Тиймээс найруулагчид өөрсдөө зохиолоо бичээд байгаа шүү. Час хийсэн санаа байхад тэрийг кино зохиол болгох хэцүү биш.
-Олон улсын наадмуудад шилдгээр шалгарсан бүтээлүүдийг ажиглахад болсон явдлаас сэдэвлэсэн, баримттай кино олон байна.
-Амьдралд ойр, болсон явдлаас сэдэвлэсэн бүтээл хүмүүст их хүрдэг. Би амьдралтай ойр кино хийхийг хичээдэг. Өөрийгөө айхтар найруулагч, зохиолч гэж ярихгүй ч голохгүй. Гэхдээ би найруулагч болтол хаа ч байсан юм бэ, болоогүй. Дэлхийн стандартаар найруулагч болох нас 40-өөс эхэлдэг гэсэн. Манайд 20 гарсан залуус кино найруулж байна. Тэгэхээр олон улсын жишгийг бодох нь ээ бид түрүүлж алхаад байгаа юм болов уу гэж боддог. Залуугаасаа кино найруулахыг буруу гэж би боддоггүй.
-Түрүүлж алхаж байгаа юм бол яагаад олон улсад өрсөлдөхүйц бүтээл төрөхгүй байна вэ?
-Холливудын кинонуудыг Монголынхтой харьцуулах нь үнэхээр өрөөсгөл. Монгол уран бүтээлчид холливудынхны дайтай сэтгэх чадвартай. Даанч араас нь дэмжих санхүүгийн бааз алга. Манайхан энгийн киног үсрээд л 200 сая төгрөгөөр босгож байна. Тэгтэл гадаадынхан бараг л Монголын нэг жилийн төсөвтэй тэнцэх мөнгөөр хийдэг. Манай найзууд ч ийм, тийм юм сэтгэлээ гээд гоё санаанууд хэлдэг ч материаллаг бааз гачигдалтай. Би уран бүтээлчийн хувьд эрт, орой хэзээ нэгэн цагт ямар ч байсан Холливудын босгыг давж, кино наадамд нэр дэвшинэ гэж боддог. Бага зардлаар өвөрмөц шинэ санаатай, монгол ахуй харуулсан кино хийж байж гадаадын уран бүтээлчдээс онцгойрно.
Та анх “650” нэртэй насанд хүрэгчдэд зориулсан инээдмийн кино хийсэн. Анхны бүтээл тань эротик төрлийнх болохоор тэр үедээ гэр бүл, багш нараасаа бага зэрэг санаа зовж байв уу?
-24 нас хүрсэн хүн юунаас нь ичих вэ. Нийгэмд байдаг асуудлыг хөндөж, хийсэн. Бусдаас санхүүгийн дэмжлэг авдаг, өгдөг хүмүүс хэд орчим насны, ямархуу байдгийг судлахаар танилцах чат руу зар бичиж, дөрвөн хүн цуглуулаад холоос ажиглаж байлаа. Зарим компанийн захирал ахаас хүртэл та оюутан охидод “тусламж” үзүүлж байсан уу гэж асууж, нуулгүй ярьсныг нь зарим үйл явдалдаа оруулсан.
-Киног хурдан бүтдэг арилжааны болон жинхэнэ бүтээл гэж хоёр хуваадаг, аль алиныг нь хийх нь зөв гэж та урьд нь ярилцлагадаа дурдаж байсан юм билээ. Таны хийсэн кинонууд аль төрөлд нь багтах вэ?
-Бүтээл гэж бодож байна. Яагаад гэвэл кинонууддаа нэг ч удаа архи, бүтээгдэхүүн сурталчлаагүй, бүтээл хийе гэж зорьсон. Гэхдээ энэ зун арилжааны кино хийнэ. Хоолныхоо мөнгийг залгуулах хэрэгтэй шүү дээ.
-Та гаргасан алдаагаа дахиж давтахгүй юм шүү гэж юунаас хамгийн том сургамж авсан бэ?
-Уран бүтээлч чадварлаг байж болно. Гэхдээ хувь хүн нь зөв байх ёстой. Хүнээ танилгүйгээр хамтарч ажиллах алдаа нэлээд гаргаж байсан. Манай “Шинэ ертөнц” продакшн анх байгуулагдахад маш олуулаа байсан бол үлдэх нь үлдэж, явах нь яваад шигшигдэж, одоо тавхан хүн л байна. Хүнд хэтэрхий итгэх дэмий. Итгэж болохооргүй хүнийг танихад сүүлийн үед суралцаж байна даа.
Б.ДӨЛГӨӨН