Сайн байна уу ээжээ. Танхилхан охин чинь танд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэж байна. Хайрт ээж таньдаа хязгааргүй хайртай шүү. Энэ үгийг өдөр болгон хэлэхийг хичээдэг ч тэр болгон хэлж чаддаггүй. Арван сар таныхаа хэвлийд бойжиж, ангир уурагнаас тань харамгүй хүртчихээд өдийг хүртэл ач буяныг тань хариулж чадаагүй ч сэтгэлийг тань зовоолгүй явахсан гэж хичээж л явна даа. Өдөр ирэх бүрийд санчиганд тань нэмэгдэх “мөнгөн сор” бүрийн төлөө би таны өмнө түмэн өртэй. Баярлуулахаасаа гомдоох нь их муу охиныгоо уучлаарай. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ л гайхалтай өдрийг тохиолдуулан өөрийн чин сэтгэлийн үгээ энэхүү захиагаараа дамжуулан дайя.
Жил бүрийн гуравдугаар сарын 8-ныг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ л өдөр хайртай ээж,эмээ, эгчдээ чин сэтгэлийн үгээ илэрхийлж, баярлуулдаг сайхан уламжлалтай.
Бид нийслэлийн 24 дүгээр сургуулийг зорилоо. Сурагчид энэ сарын 8-нд хайртай ээжүүддээ зориулан “Ээжүүдийн өдөрлөг” зохиохоор болжээ.
Харин тэд өөрсдийн ээжүүдээ хэрхэн баярлуулах тухайгаа бидэнтэй хуваалцсан юм. ”Хайртай” гэдэг үгийг байнга хэлж чадахгүй, сэтгэл дотроо нандигнах нь жинхэнэ ээжийгээ хайрлаж байгаа чин сэтгэлийн хайр шүү дээ гэж хэвлүүхэн ярих тэдний ээждээ бэлдсэн чин сэтгэлийн бэлгийнх нь тухай ярилцлаа.
24 дүгээр сургуулийн 10Б ангийн сурагч Ц.Мөнхзул
-Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Март-8” удахгүй болох гэж байна. Ээжийгээ яаж баярлуулах вэ?
-Би хэд хоногийн өмнө ээжийгээ гомдоочихсон.” Март-8 ”-аар уучлал гуйна. Энэ өдөр бид хайртай ээж, эмээ, эгчдээ хайртай гэж хэлэх боломж олддог.
-Ээжийгээ уйлуултал нь баярлуулж байсан удаа бий юү?
-Өмнө нь ерөөсөө эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр ээжийгээ баярлуулж байгаагүй юм байна. Мэнд хүргээд л өнгөрдөг байсан. Энэ жилийн “Март-8”-аар хайртай ээжийгээ баярлуулах төлөвлөгөөтэй байгаа. Дөнгөж сая бид ангидаа ээжүүддээ зориулж захидал, шүлэг бичээд гарч ирлээ. Бид бичсэн захидалаа “Ээжүүдийн өдөрлөг”-өөр уншиж өгнө.
24 дүгээр сургуулийн 10б ангийн сурагч Б.Хажиддулам
-Би ээжтэйгээ хамт хоолонд орно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Нэг өдрийг хайртай ээжтэйгээ гадуур явж, цагийг зугаатай өнгөрүүлнэ. Мөн хичээл ихтэй байдаг учраас тэр бүр гэр орноо цэвэрлэж чаддаггүй. Энэ өдөр гэр орноо цэвэрлэж мөн баярлуулна. Би аль болох ээжийгээ уурлуулахгүй, амар амгалан байлгахыг хүсдэг. Тэр бүр хайртай гэж хэлж чаддаггүй учраас энэ өдрөөр захиа бичиж өгнө. Ээждээ маш их баярладаг. Охин нь тандаа хайртай шүү.
24 дүгээр сургуулийн 10б ангийн сурагч Төгсгарав
-Энэ баярыг ээжтэйгээ хамт тэмдэглээгүй найман жил болж байна. Учир нь манай ээж гадаадад байдаг. Интернэт, утсаар л мэнд хүргэдэг.
Аварга дээд сургуулийн хоёдугаар дамжааны оюутан А.Чадраабал
-Ээж маань хөдөө байдаг. Баяраар ээжрүүгээ утсаар мэндчилгээ хүргэж, гэнэтийн бэлэг барих төлөвлөгөөтэй байна. “Хайртай” гэдэг үгийг төрсөн өдрөөр нь л нэг хэлдэг. Тандаа хүү нь хайртай шүү.
24 дүгээр сургуулийн 6б ангийн сурагч
-“Март-8”-аар ээждээ бэлэг авч өгнө. Өмнөх жилүүдэд гараараа бэлэг дурсгалын зүйл хийж , бялуу авч өгч байсан. Ээждээ байнга “хайртай” гэж хэлдэг.
24 дүгээр сургуулийн 6б ангийн сурагч
-Өөрийнхөө мөнгөндөө тааруулаад л бэлэг авч өгнө. Энэ өдөр ээжийгээ баярлуулахыг их хүсэж байна. Тандаа хайртай шүү ээж ээ.
24 дүгээр сургуулийн 6ё ангийн сурагч Х.Тэмүүжин
-Заримдаа би ээжийгээ уурлуулчихдаг. Тэгээд уучлалт гуйдаг. Ээжийгээ тэр бүр баярлуулж чаддаггүй. Уурлуулахгүй юмсан даа л гэж боддог. Уурлуулж, гомдоож байсан бол уучлаарай ээж ээ. Хайртай шүү.
24 дүгээр сургуулийн 6ё ангийн сурагч Хангай
-Би ээжийхээ бүх сайхан зүйлсийг бодож байгаад шүлэг зохионо. Ээж ээ хүү чинь тандаа хязгааргүй их хайртай шүү. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр тандаа зориулж зохиосон шүлгээ уншиж өгнө өө.
Гуравдугаар сарын 8 буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр дөрөв хоногийн дараа болох юм. Энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрт өргөн дэлгэр тэмдэглэдэг. Түүх сөхвөл 99 жилийн өмнө анх удаа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг зарлаж байжээ. Дараа нь цагаач эмэгтэйчүүд өөрсдийн эрх ашгийг хамгаалах өдөр болгосон гэдэг. Тэр цагаас өнөөдрийг хүртэл эмэгтэйчүүд эл өдөр жагсаал цуглаан зохион байгуулж, ажил хаялт зарлаж, эрхээ хамгаалан тэмцэх өдөр болгон тэмдэглэсээр иржээ.
Хацар гоо охид, хатан ухаант ижий бүрийн царайнд инээмсгэлэл тодрон, аз жаргалаар дүүрэн байг.
М.Болорцэцэг