Биеэрээ дүүрэн шивээс, цэнхэр нүд, шар үстэй, өндөр туранхай цагаан арьст залуу амьдралын хатуу хөтүүг мэдэхгүй, өсвөр насны эрх хүү шиг харагдавч олон хүүхэд, залуус түүнийг тэвчээр хатуужлын бэлгэ тэмдгээ болгож, дуунаас нь хүч, урам авдаг. Өдгөө дөнгөж 25 настай хэрнээ энэ хүртэл олон бэрхшээл туулж, алдаж оносоор хөдөлмөр хэрхэн амжилтад хүргэдгийн том жишээ, итгэл найдварын гэрэлт цамхаг болсон түүнийг Ричард Колсон Бэкер буюу MGK гэдэг.
1990 оны дөрөвдүгээр сарын 22-нд АНУ-ын Техас мужийн Хьюстон хотод герман номлогч аав, норвеги ээжийн хүү болж мэндэлжээ. Тэрбээр дөрвөн нас хүртлээ аав, ээжтэйгээ Египетэд амьдарсан тул англи хэл сурахаасаа өмнө арабаар ярьдаг болсон гэдэг. Бэкерийг найман настайд ээж нь өөр хүнтэй сууснаас хойш түүнийг дахин хараагүй аж. Энэ үеэс аав, хүү хоёр АНУ-ын олон хотоор нүүдэллэж, Денверт авга эгчийндээ ч хэсэг амьдарсан байна. Америкт эдийн засгийн хямрал нүүрлэж, аав нь ажлаа алджээ. Байнга нүүж амьдрах нь хүүд түвэгтэй байсны дээр хүүхдүүдэд үргэлж дээрэлхүүлдэг байв.
“Намайг доромжлох гэхэд эсэргүүцдэг байсан ч зодолдож чаддаггүй юм. Сүүлдээ зодолдохоос залхаж, үгийн хүчээр тэмцэж болохыг ойлгосон. Долдугаар ангид байхдаа DMX-ын “Бид энд байна” дууг сонсоод их тайтгарсан. Тэр надад маш том нөлөө үзүүлсэн хүн. Бид хэдийгээр ах дүү биш ч саад бэрхшээл тулгарахад хэрхэн давж туулах сэтгэлийн тэнхээг тэр надад дуугаараа хайрласан” хэмээн нэгэн ярилцлагадаа реппер залуу хэлжээ. Денверт Томас Жеферсоны сургуульд сурч байхад нь аав нь Кувейтэд алба хаахаар болж, хүү хөрш айлынхаа хонгилд амьдрах болсон байна. Түүнийг хянаж цагдах хүнгүйгээс болж мансууруулах бодис хэрэглэж, сургуулиас завсардсан аж.
“Тэр үедээ надад сайхан байсан ч одоо эргээд бодох нь ээ, хар дарсан зүүд шиг санагдаж байна” гэж MGK энэ тухайгаа дурссан байдаг. Аав нь түүнийг 15 настайд Кувейтээс ирж тэд Кливлендэд суурьшжээ. Тэр сум шунгинах мэт түргэн үглэдгээ тодотгохоор Machine gun Kelly буюу Пулемёт Келли хэмээн Америкийн алдарт дээрэмчний нэрээр тайзны хочоо сонгожээ. 2006 онд нь “Stamp of approval” микстэйпээ гаргасан нь амьдардаг дүүргийнх нь залууст түгж, хүмүүс MGK гэж дуудах болж. Энэ түүний нэр алдарт хүрэх эхлэл байсан бол жинхэнэ аялал 2009 онд эхэлсэн юм байна. Тэрбээр Нью-Йоркийн “Аполло” театраас зохион байгуулдаг авьяастнуудын шоуны ялагч болсноор уг наадамд түрүүлсэн анхны цагаан арьс реппер болсон гэдэг.
Дараа нь “MTV 2” сувгаас зохион байгуулдаг хип хоп тэмцээнд орж, багагүй танигджээ. 2010 оны эхээр “100 words and running” микстэйпээ гаргаж, сургуулийнхаа удирдлагын урилгаар тоглолт хийсэн байна. Энэ үед сэтгэл нь хөдөлсөн үзэгчид эмх замбараагүй байдал үүсгэж, сургуулийнх нь хамгаалагчид “энхийг сахиулах” гэж тэвдсэн гэдэг. Сургуулиа төгсөхөд нь аав нь MGK-ийг гэрээсээ явуулсан байна. Тэрбээр 2008 онд охинтой болсон байснаа насанд хүрэнгүүтээ дэргэдээ авчээ. Реппер залуу охиныхоо ээжтэй хамт амьдардаггүй бөгөөд хэн гэдгийг нь нууцалдаг. Хүүхэдтэйгээ хамт амьдрах болсон нь түүнд шинэ мэдрэмж төрүүлж, эрч хүч хайрласан гэлтэй MGK шаргуу ажиллах болж, “Алиса гайхамшгийн оронд” дуугаараа Охайогийн хөгжмийн наадмаас шагнал хүртэв.
Гэвч амьдрал түүний тэсвэр тэвчээрийг дахин шалгажээ. MGK-ийн улаан хоолойд ургацаг ургасан аж. “Мэс засал хийлгэсний дараа зургаан сар цуцашгүй дасгал хийсэн. Би байнга үүрийн 04.00 цагт сэрчихнэ. Тэр бол миний амьдралын хамгийн сэтгэл дарамттай үе байсан” гэж тэрбээр өөртэйгөө тэмцэлдсэнээ эргэн дурсжээ. 2010 оны арваннэгдүгээр сард “Lace up” микстэйпээ гаргаж, “Clevland cavalier” сагсан бөмбөгийн багийн сүлд дууг дуулсан байна. “Жаккасс” телевизийн шоуны од, реппер Стив О болон продюсер Рекс Ражер нар түүнийг дэмжиж, тэрбээр алдарт “Three 6 mafia” хамтлагийн Жьюси Жи-тэй “Амьсгал” нэртэй дуу бүтээжээ. Ийн Техаст жил бүрийн гуравдугаар сард болдог хөгжмийн наадамд оролцох үедээ Пафф Даддитай танилцаж, наймдугаар сард нь “Bad boy” болон “Interescope” студитэй гэрээ байгуулснаар амьдрал нь эрс өөрчлөгджээ.
Реппер Вака Флокатай хамтран “Зэрлэг хүү” дуу гаргасан нь “Биллбоард”-ын шилдэгт багтаж, “XXL” хип хоп сэтгүүл 2011 оны онцлох хүнээр нэрлэж, MTV оны хамгийн халуун амжилттай репперээр тодруулжээ. Ийн Лил Жон, Вака Флока, Ян Жэйзи, Твиста тэргүүтэй ододтой хамтран дуулж, “Lace up” микстэйпээ цомог болгожээ. 2012 оны аравдугаар сард гаргасан эл бүтээл “Биллбоард”-ын шилдэг 200 цомгийн жагсаалтад дөрөвдүгээрт орж, эхний долоо хоногтоо 57 мянган хувь, 2013 оны гуравдугаар сар гэхэд 170 мянган хувь борлогджээ. Үүний дараа MGK хэд хэдэн микстэйп гаргасан бөгөөд өдгөө хоёр дахь цомгоо олонд хүргэхээр ажиллаж байгаа юм байна.
Б.ДӨЛГӨӨН