Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид өнгөрсөн оны сүүлчийн улиралд “Оройн дээд” түүхэн дуулалт жүжгийг үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөж байсан ч амжаагүй. Үндэсний хувьсгалын ойн өдөр буюу арванхоёрдугаар сарын 29-нд тоглохоор зэхэж байсан энэ дуулалт жүжгийн цомнолыг ардын уран зохиолч Пунцагийн Бадарч, Төрийн шагналт зохиолч Дамбын Төрбат нар бичжээ. Өнгөрсөн зууны эхэнд өрнөж, монголчуудын хувь заяа өөрчлөгдөхөд нөлөөлсөн Үндэсний хувьсгалын түүх үзэл суртлын нөлөөгөөр 70 гаруй жил дарагдаж, хэдэн жилийн өмнөөс илүү тодорч байгаа билээ. Түүнчлэн мэргэжлийн урлагийн байгууллагын урын санд энэ түүх өдий хүртэл байраа эзэлж чадаагүй явсан юм. Тухайн цаг үеийн дэвшилтэт үзэлт ноёд, сайд болон VIII Богд Жавзамдамба хутагтын тухай энэ жүжигт тусгажээ. ҮДБЭЧ-ын дуучид, бүжигчид, хөгжимчид нийлсэн 200 гаруй уран бүтээлч “Оройн дээд”-ийг амилуулахаар ажиллаж байгаа. Дуулалт жүжгийн нээлт гуравдугаар сарын 18-нд болж дөрөв хоногийн турш тоглох юм. Тус чуулгынхан энэ түүхийн агуулга, үр нөлөөг илүү тодруулахын тулд өнгөрсөн онд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, Үндэсний хувьсгал болон түүнтэй холбоотой хүмүүсийг судалдаг эрдэмтдийг оролцуулсан. Энэ эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийг ном болгон хэвлүүлснээ жүжгийн нээлттэй зэрэгцэн танилцуулах аж. Мөн “1911 оны Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх хувьсгал” уран зургийн уралдааны шилдгээр тодорсон зургуудаар үзэсгэлэн гаргах аж. Гуравдугаар сарын 18-нд жүжгээ нээхийн өмнө Богд хаан, хатан, таван яамны сайд нарыг хүндэтгэн угтах цагаан эсгийний ёслол ч хийх гэнэ.