Дэлхийн циркийн урлагийн түүхэн дэх хамгийн аюултай үзүүлбэрийн нэг “Үхлийн цагариг” удахгүй Монголын үндэсний циркийн манежинд тоглох гэж байна. Арав гаруй метрээс том диаметртэй эргэддэг цагаригийн дотор болон гадна талд акробатын жүжигчид ямар ч хамгаалалтгүйгээр үзүүлбэр хийдэг юм. Гуравдугаар сарын 23-нд эхлэх “Дэлхийн цирк Монголд” тоглолтын хөтөлбөрт энэ үзүүлбэр багтаж буй бөгөөд БНХАУ-ын жүжигчид эрсдэлтэй тоглолт үзүүлэх юм. Өдгөө “Нарны цирк”, АНУ-ын “Ringling Bro’s, болон Герман, Швейцарийн алдартай циркүүдэд тоглодог “Үхлийн цагариг” үзүүлбэр 1930-аад онд АНУ-д үүссэн түүхтэй. Жүжигчид бэртэж, гэмтэх нь их байсан учраас нэгэн үе бараг тоглохоо больж, мартагдах шахсан ч 1970-аад оноос эргэн сэргэжээ.
Дашрамд дуулгахад, Монголын жүжигчин М.Мягмарсайхан энэ үзүүлбэрийг Швейцарийн жүжигчин Фрэдди Ноктой хамтран хийж 2002 онд Германы Бүбленгерийн олон улсын циркчдийн тэмцээний гран при, 2007 онд Францын Гренобле хотноо болсон олон улсын циркчдийн тэмцээний гран при шагнал хүртсэн байдаг.