Сальвадор Дали, Пабло Пикассо гээд Дэлхийн дүрслэх урлагийн суутнууд, гайхамшигтай уран бүтээлчдийн өрсөлддөг, өөрийнхөө бүтээлийг олонд таниулдаг спортоор бол олимптой дүйцүүлж болохоор Венецийн биеннальд энэ жил манай хоёр зураач оролцох гэж байна. Монгол зураачдын олон жилийн мөрөөдөл биелж, эх орныхоо нэрийг алдаршуулах дүрслэх урлагийн павильон Венецид бий болж, долоон сарын турш байх нь. Италийн Венец хотын зөвлөл 1895 онд анх хотынхоо нэрэмжит урлагийн биенналийг зохион байгуулсан гэдэг.
Шинэ тутам үүсэж эхэлсэн орчин үеийн урлагт зах зээлийн орон зай бий болгон, шилдгүүдийг нэг дор цуглуулах нь наадмын зорилго байлаа. Тухайн үед судлаач, цуглуулагч, урлаг сонирхогчдод янз бүрийн урсгал хөдөлгөөнүүд, өөр өнцөг, хандлагыг эрэлхийсэн уран бүтээлчидтэй холбогдох, танилцах өргөн боломж байсангүй. Тиймээс хоёр жил тутмын Венецийн биенналь тухайн үедээ урлагийн ертөнцийн гүүр болж байсан нь ойлгомжтой. Одоо ч гүүр хэвээрээ байгаа. Дэлхийн хамгийн алдартай уран бүтээлчид, цуглуулагчид, урлаг судлаачид тэнд зочилдог.
300 ТЕЛЕВИЗ, 7700 СЭТГҮҮЛЧИЙН ХАРААНД ӨРТӨНӨ
Орчин үеийн урлагийн төв болдог уг наадам улс, орнуудын урлаг хаашаа явж буй тухай, ерөнхий төлөв, чигийг харуулж, уран бүтээлчдийн сэтгэлгээ, бүтээлээр дамжуулан улсынх нь толь болдог юм. Аль ч орон хийгээд уран бүтээлчдийнх нь хувьд Венецийн биеннальд оролцох нь хариуцлагатай бөгөөд нэр хүндийн хэрэг байдаг. 2013 оны Венецийн биенналийг сурвалжлахаар 7700 сэтгүүлч, 300 гаруй телевизийн станц ажилласан гэсэн мэдээлэл бий. Ингэхээр тус арга хэмжээний цар хүрээ хэр том болох нь тодорхой ойлгогдох биз ээ. Италийн Венец хотноо тавдугаар сарын 9-нд нээлтээ хийх дүрслэх урлагийн 56 дахь удаагийн биеннальд Т.Энхболд, Х.Үнэн-Энх нар оролцоно.
Зураач Т.Энхболд СУИС-д багшлахын зэрэгцээ өрөг урлагийн бүтээл түлхүү туурвидаг. Түүний бүтээлүүд монголын үнэртэй, орчин үеийн хэллэгтэй, сонирхолтой шийдэлтэй байдаг. Харин Х.Үнэн-Энх Германд уран бүтээлээ амжилттай туурвиж, алдартай музейнүүдэд үзэсгэлэнгээ гаргах хэмжээний нэр хүндтэй болсон нэгэн. Венецийн биеннальд монголчуудыг оролцуулах ажлыг Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо зохион байгуулж, сэтгэлтэй, нэгдэлтэй олон ивээн тэтгэгчийн ачаар санхүүжилтээ бий болгоод байна. Уран бүтээлчээ тодруулахдаа нээлттэй уралдаан зарлаж олон улсын зургаан шүүгч, Монголын хоёр шүүгчтэйгээр дүгнэсэн бөгөөд сонгогдсон зураач нарын бүтээл бараг 100 хувийн санал авчээ.
“ЯАЖ СУРТАЛЧЛУУЛАХАА АСУУЛГҮЙ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛСЭН БАЙГУУЛЛАГАД ТАЛАРХАЖ БАЙНА”
Монгол зураач нараа дэлхийн дайдад гаргаж, оюуных нь гайхамшигт урлалыг алдаршуулахыг зорьсон энэ төслийн албан ёсны түнш нь Ром хот дахь Монгол Улсын Элчин сайдын яам юм. 2013 оны наадмыг үзэж, судалснаасаа хойш зохион байгуулагчид бэлтгэл хийж, ивээн тэтгэгчид хайж байсан ч эдийн засгийн хямрал тэдэнд багагүй хугацаанд чөдөр болсон. Гэсэн ч ивээн тэтгэгчдийн уулзалт, арт үдэшлэг зохион байгуулж, дэлхийд алдартай уран бүтээлч, кураторуудтай онлайн ярилцлага хийж идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар байсан юм. Шинэ оны өмнөхөн тэд санхүүжилтээ бүрдүүлж чадлаа.
Учир юу гэвээс, Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-Үүл “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр санаачлан дэлхийн алдартай хотууд дүрслэх урлагийн бүтээл, урчуудынхаа тусламжтайгаар өнгө төрхөө бий болгон, хэдэн зуун дамжин алдаршуулсныг онцолсон байна. Улмаар “Мон Уран”, “Алтай констракшн”, “Эко констракшн”, “Делоитт онч аудит” ХХК, “Туушин”, “Макс” групп, “Хас” банк, “Turkish Airlines”, “Мөнхийн үсэг” групп, “United Colors of Benetton”, “Steppe Link”, “Terrazza” лаунж, МҮОНТ, UBS телевизийнхэн Венецийн биеннальд оролцох монгол уран бүтээлчдээ дэмжихээр болсон байна. Тэд өөрсдийгөө яаж сурталчлуулах талаар асуулгүй дэмжлэг үзүүлсэн учраас зохион байгуулагчид маш их талархаж буй.
МОНГОЛЫН ПАВИЛЬОНЫ ҮР ӨГӨӨЖ
Энэ наадамд Монгол Улсаа төлөөлсөн павильон нээснээр дүрслэх урлагийн салбарыг олон улсын анхаарлын төвд аваачна гэдэгтээ зохион байгуулагчид итгэлтэй байгаа. Даяаршлын эрин зуунд уран бүтээлчид шинэ санаа, бусдаас өөр байх шийдэл олохын тулд бүх цагаа зориулж байгаа. Харин монголчуудын уламжлалт өв соёлыг орчин үеийн урлагт хөрвүүлсэн бүтээлүүд гарцаагүй ялгарах юм. 2013 оны Венецийн биенналийн нээлтэд 20.000 гаруй үзэгч цугласан бөгөөд тэдний олонх нь дэлхийн хамгийн нэртэй бизнесмен, улстөрч, хааны гэр бүлийнхэн, нөлөө бүхий сангийн тэргүүлэгч, урлаг сонирхогч, шүүмжлэгч нар байжээ.
Мөн хэвлэл мэдээллийн салбарынхан олноороо цугладгийг ч дээр дурдсан. Энэ бол эх орноо сурталчлах эерэг бөгөөд хүчтэй сурталчилгаа юм. Дашрамд дуулгахад, нээлтийн өдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Венецид зочилж, монгол зураачдаа дэмжих юм.
ЕВРОПЫН АНХААРЛЫН ТӨВД ДОЛООН САР
Венецийн биенналийн нээлт болон энэ наадам үргэлжлэх долоон сарын турш үзэгчдийн хөл тасардаггүй. Түүнчлэн наадамтай холбоотой мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд идэвхтэй түгээдэг бөгөөд Монголын павильоны тухай мэдээлэл Вене цийн биенналийн бүх каталог, тараах материал, газрын зураг, албан ёсны веб сайтад нь байршина. Түүнчлэн тус биенналийн зохион байгуулах хороо хоёрдугаар сараас эхлэн тавдугаар сар хүртэл дэлхийн хамгийн том хотуудад хэвлэлийн хурлын буухиа хийх гэнэ. Энэ жил “EXPO Milano” эл наадамтай давхцаж байгаа учраас 2015 оны Венецийн биенналийг нэг сая гаруй хүн үзэх урьдчилсан төлөв гарчээ.
Ж.СОЛОНГО