Хүүхэд насаа дурссаныхаа дараа хүмүүс хэлэлцсэн мэт талархал илэрхийлж, “Сонирхолтой байна шүү. Нээрээ би чинь ийм л хүүхэд байлаа шүү дээ” гээд нүүрэндээ инээмсэглэл тодруулдаг. Элдэв хар санаагүй, гэгээлэг, хүсэл тэмүүллээр бялхсан бага насныхаа дурсамжийг энэ удаа бидэнтэй гурван дуучин хуваалцсан юм. Гэхдээ дуулдаг урсгал, чиглэл нь тэс өөр гурван хүн бий. Эхнийх нь олноо “Хонгорзул” дуугаараа алдаршсан соёлын тэргүүний ажилтан Н.Энхбат, удаах нь “Нисванис” хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан, отгон нь “Universe best songs 2011” наадмаас тодорсон залуу дуучин С.Хишигжаргал. Тэдний бага насаар хамтдаа аялъя.
ДУУЧИН Н.ЭНХБАТЫН АНХНЫ ДУРСАМЖ
Манайх Чандмань сумын бригадын төвд, аав минь тэнд малын эмчээр ажиллаж байсан юм. Хог асгадаг газарт өвлийн нэгэн хүйтэн өдөр ахтайгаа хамт үнсээ асгачихаад тамхи татаж суухдаа дээлийнхээ ар хормойг шатааснаа санадаг юм. Хүйтэн байсан болохоор галтай үнснийхээ илчинд нь сууж байтал дороос халуу шатаад эхэлсэн. Дулаахан байна гээд л суугаад байсан чинь галтай нурманд хормойгоо шатаасан байдаг байгаа. Энэ тухайгаа ээжид хэлээгүй. Дараа нь хамт аргалд явахдаа нөгөө дээлээ өмсөөд баригдаж билээ. Тэр явдлаас нэлээн хойно манайх сумын төвд нүүж ирээд мал эмнэлгийн хашаанд байдаг байлаа. Би нэгдүгээр ангид долоон настайдаа орсон юм. Нэг удаа манай хашааны гадаа Улаанбаатараас ирсэн “ЗИЛ-130” машин зогсож байна аа. Би их дүрсгүй хүүхэд байсан бололтой. Машины хажуу талын шонгийн мод руу чулуу шидэж ойлгоод жолоочийн цонхыг нь хагалчихсан. Гэртээ ороод ахдаа хэллээ, тоосонгүй. Ээжийнхээ ажил руу гүйж очоод нуугдаад суучихлаа. Тэгтэл хагарсан шил хормойлсон хүн хоёр хүүхэд дагуулсаар ээжийг сураглаад орж ирлээ. Би ч харагдахгүй гэж жигтэйхэн хичээсэн. “Танай хүүхэд цонх хагалчихлаа, төлж өг” гэж байна. Ээж надаас “Хагалсан уу” гэж асуухад нь би үнэнээ хэллээ. Харин жолооч ахыг дагаж явсан хоёр хүүхэд манай хашаанд тоглож байгаад цонх хагалсныг минь харж л дээ. Орой нь тэр жолооч манайд ирж ааваас минь 57 төгрөг аваад явсан. Тэгэхдээ орон доогуур нуугдаж байсан намайг дуудаж, “Аваачиж шоронд хийнэ” гэж айлгаад би муу тэрлэгээ өмсөж, баахан гамбир өвөртлөөд гарна гэж бодож байсан тэр дүр зураг санаанд хамгийн тод бууж байна даа. Ижийгээ дагаж их аргал түүдэг байснаа бас мартдаггүй юм.
АНХНЫ ГОЁЛ
Дөрөв, таван настайдаа шилэн хүзүүнийхээ хонхорхойд жаахан сонжуутай хүү байлаа. Монгол гутал, тэрлэгээ л өмсөнө. Даахиа авахуулсныхаа дараа зулай дээрээ жаахан халимаг тавьсан санагдана. Болдог бол ээжийнхээ өвөр дээр эрх дураараа тарвалзан элгэнд нь наалдаж, мөөмөө хөхдөг эрхийн чинээ хүүхэд насандаа очвол сайхан юм уу даа.
БАМБАРУУШ
Багын нэр минь баавгай. 3.5 кг жинтэй, манхайсан цагаан хүү төрсөн юм гэнэ лээ. Мяраа ихтэй болохоор мөлхөж чадахгүй, байрандаа суучихдаг байсан болохоор нутгийнхан эхэндээ цагаан баавгай гэж дуудаад сүүлдээ цагаан нь байхгүй болж баавгай, даамжраад бамбарууш болсон. Сургуулийн концертод оролцсон уран уншигч хүүхдүүд “Салан баавгайн үлгэрийг санаж яваарай хүүхдүүд ээ” гэж уншихаар би ичээд хүний араар орж нуугддаг байсан.
СЭТГҮҮЛЧ БОЛОХ МӨРӨӨДӨЛТЭЙ
Орос хэлний хичээлдээ илүү дуртай, бас ч гэж гайгүй дүн авдаг байсан болохоор орос хэлний багш эсвэл сэтгүүлч болно гэж боддог байлаа. Зохион бичлэг сайн бичдэг байж. Аравдугаар ангиа төгссөн жилээ аймгийнхаа “Алтайн хөгжил” сонинд наймдугаар ангиа хамт төгссөн ах дүү хоёр, илгээлтийн эзэн малчдын болон сургуулийнхаа багш, ажилчдын тухай мэдээ хэвлүүлж байлаа. Саяхнаас хүүхэд насныхаа хүсэл мөрөөдлөө биелүүлж, сэтгүүлч болоод мэдээ мэдээлэл, танин мэдэхүйн Garag.mn сайт байгуулаад ажиллаж байна даа.
ШОРОО ИДЭЖ ӨССӨН АНДУУД
Чандмань сумын наймдугаар ангийн “Болдоггүй” нэртэй, Пуу захирлын хараанд байсан Цагаанцоож, Дашдорж, Энхбилэгт, Энхбат, Жадамбаа, Төмөрхүү (агсан), Сүүнээ, Хабу Батбаяр, Нямдаш, Цогтоо гээд багын найзуудтайгаа одоо ч холбоотой байдаг. Бага ангид байхдаа ангийнхаа Дашдоржтой хамтарч “Тэгвэл хоёулаа” гэдэг дуу дуулдаг байлаа. Бигэр сумын дунд сургуульд байхдаа, 1983 онд “Дуулж явна, би” дуугаа Монголын радиогийн “Залгамжлагч” нэвтрүүлгээр дуулж, орон даяар цацуулсан.
АМГАА ХААЛГАНД ГАРАА ХАВЧУУЛСНАА МАРТДАГГҮЙ
Хөдөө гэрийн хана түшээд явж байхад ах гаднаас түлээ оруулж ирэхдээ миний гарыг хаалганд хавчуулсан санагддаг юм. Бүүр түүрхэн санаж байгаа болохоор худлаа ч байж магадгүй. Гэхдээ л хана түшээд явж байсан тэр жаахан үеийн үйл явдлаа хааяа гэнэт санадаг. Хоёр нас гаруйтай байхад ээж минь надад том нударгатай үстэй хүрэн даалимбан дээл хийж өгснийг мартдаггүй. Тэр дээлийн дулааныг ээ. Аавыгаа хөдөө кино гаргахаар явахад нь би дандаа л дагана. Мотоциклийн ард ааваасаа тас зуураад явдаг байсан. Нударган дотор гар ч даарахгүй. Мэдээж бээлийгээ аль эрт гээчихээд л тэгж яваа хэрэг. Аав минь кино механикч, улсын анчин, Чойбалсангийн мэргэн буудагч тэмдэгтэй, анд хорхойтой хүн байлаа. Надад “Хөл чинь газар хүрэнгүүт мотоцикль унахыг, гар чинь гохонд хүрэхээр буудахыг зааж өгнө” гэдэг байсан юм. Аав минь хэлсэндээ хүрсэн.
ТАВАН НАСТАЙ Ч БОЛООСОЙ
“Гурван настай ч болоосой, гунихыг мэдэхгүй явах юмсан” гэдэг үг бий. Гэхдээ надад 5, 6 настай байсан үе маань илүү жаргалтай байсан санагдаж байна. Тэр үедээ очоод ээж, аав, эгчдээ эрхэлж “24-ийн чихэр” идсэн шиг явбал гоё л байна.
ХӨХ ТЭХ
Манай аав их шооч. “Та нар адууны хомоолыг ядаж хар даа. Хөх хомоол, шар хомоол гээд олон нэртэй. Тэгэхэд та нар ганцхан нэртэй” гэж тайлбарлаж байгаад л биднийг хочилно. Намайг Хөх тэх, Дээгүүр толгой гэж хочилдог байсан. Би нэгдүгээр ангид орохдоо өөрийнхөө бүтэн нэрийг ч мэддэггүй байлаа. Учир нь ээж Энхээ, аав тэргүүтэй ах нар Хөх тэх гэж л дуудна шүү дээ. Би ч бас танагтай, манай дүүг Салбаан гэдэг байсан. Нэрийг нь Амраа гэдэг л дээ. Миний багадсан хувцасыг өмсөөд салбайгаад явдаг болохоор тэгж дуудсан хэрэг. Одоо бол том офицер болсон. Тэгсэн чинь аав минь Саддам гэж хочилж үзсэн.
ҮНСЭЛЦЭХЭЭС ИЧЭЭД ЖҮЖИГЧИН БОЛООГҮЙ
Багадаа олон мэргэжил сонирхоогүй хөвгүүн байхгүй дээ. Жолооч, цагдаа, нисгэгч, аав шигээ кино механикч болно гэж зөндөө бодсон. Тэгж байгаад Шурик, Никулин шиг жүжигчин болно гэж мөрөөдөөд л, манай сургууль дээр Ж.Бадраа гуай ирж уулзалт хийхэд нь би “Яавал мундаг алиалагч болох вэ, би алиалагч болмоор байна” гэж хэлж хүмүүсийг гайхашруулж байлаа. Тэгснээ “Би чамд хайртай” киноны үнсэлцдэг хэсгийг үзэж, ичээд жүжигчин болохоо больсон. Сүүлдээ “Битлз” шиг хүмүүсийг орилуулж, хашгируулж, сэтгэлийг нь алдруулсан тийм хамтлагтай болно гэж мөрөөдсөн. Тэгээд Багшийн сургуулийн хөгжмийн ангид орохын тулд уйгагүй хичээж, өндөр оноотойгоор хуваариа авсан даа.
АНХНЫ ФЕНҮҮД
Миний багын найзууд анхны минь уран бүтээлийг хамт өлгийдөн авч, намайг урамшуулж, урлагийн замд хөл тавихад минь хамгийн их дэмжсэн. Дөрөвдүгээр ангид байхдаа бичсэн шүлэг, тавдугаар ангидаа зохиосон дууны минь анхны сонсогч нь тэд байсан. Одоо ч найзуудтайгаа холбоотой, үргэлж баярлаж явдаг. Ч.Отгонсод, Ц.Магсаржав, М.Анхбаяр, С.Бямбасүрэн гээд л нэрлэж болно. Бүгдийг нь нэрлэж чадаагүйд уучлаарай. Ангийнхаа олон охид, хөвгүүдтэй холбоотой байдаг шүү. Бас манай ангийн багш Ж.Тольхүү гэж сайхан хүн байлаа. Тэр хүн эцэг, эхээс мөнгө цуглуулж сан байгуулаад, ангидаа хоёр гитар, сагс, воллейболын бөмбөг авч бидэнд зориулсан. Хоёр хөвгүүн, таван охинтой улс төрийн дууны “Баганас” хамтлаг байгуулж байлаа. Гуравдугаар сургуулийн “Баганас” хамтлаг гэж зарлуулаад тэмцээн, уралдаанд оролцоно. Орос сургуулийнхнаас зөв, буруу сурж авсан Чили, Куба, Оросын хувьсгалчдын дуунаас их дуулдаг байж билээ.
ЭМЭЭГИЙН ТАНХИ ОХИН
Бага насны олон дурсамж, цэгцтэй биш ч санаанд тод байдаг. Багынхаа явдлуудыг ээжид ярихаар “Тийм жаахан байсан үеэ санаж байна гэж үү” гээд гайхдаг юм. Би 2-3 настай байхдаа Архангайд эмээгийндээ байдаг байлаа. Нэг өглөө эмээ минь галд гутал, хувцсыг минь ээгээд намайг сэрэхээр хувцаслах гээд бэлдээд байж байв. Би гэнэтхэн л морь болж тонгочиж гүйгээд, орноосоо бууж гэрээ тойрон харайлаа. Том ээж (эмээгээ ингэж дууддаг байсан) “Уначихав аа, миний охин” гэж хэлж дуусаагүй байхад нь данхтай цай өшиглөж унаад хөлөө түлчихсэн. Тэгчихээд цайгаа холдуулсангүй гэж эмээдээ туниад л...
ОХИД АДТАЙ
Жаахан байхдаа өөрийнхөө хувцаснаас илүү ээжийнхээ гангарааны юбкыг даашинз болгон сугаараа татаж өмсчихөөд, уруулын будгийг нь нууцаар авч гоёод, концертод оролцож тоглодог байлаа. Багаасаа л концерт тоглож, дуучин болох мөрөөдөлтэй хүүхэд байсан даа. “Амьдралын хүрд” киног үзчихээд Сантайн шиг алмааз олно гээд хэд хоног газар ширтэн, сонин содон чулуу түүж явсан. Тэгээд олсон чулуугаа усанд хийж үзээд алмааз шиг уснаас хуурай гарч ирэх нь үү гэж шалгана. Эргээд хүүхэд насандаа очоод том ээжийнхээ өвөр дээр эрхэлж, хормойноос нь зүүгдээд, сармай дээлт идмээр байна.
ЦЭНХЭР НҮДЭН
Олон хочтой байлаа. Нас насаа дагаад л өөрчлөгдөнө. 4-5 настайдаа Цэнхэр нүдэн, Буратино, дараа нь “Халтар царайт” гарч эхлэхэд Санта хочтой болсон. Бас найзынхаа нэрийг хэлж чадахгүй Ойлихой гэж дууддаг байлаа. Уг нь Оюунгэрэл гэдэг юм. Миний анхны найз л даа. Одоо ч гэсэн ингэж дууддаг. Бас Отгоо, Ээгий, Чука, Анхаа, Дээгий гээд насан багын найзууд минь он цагийн уртыг хамт элээж, ойр дотно нөхөрлөсөөр явна даа.
Ж.СОЛОНГО