Эртний булш бунхнаас эмэгтэй хүний эдэлж хэрэглэж байсан гоёмсог эдлэл гарах нь цөөнгүй. Тэр тусмаа хайрцганд толь хийсэн байх нь олонтаа. Хархорум музейд XIII зууны үеийн гурван хүрэл толь хадгалагддаг юм билээ. Байгаль дүрсэлсэн, хайма путао хийцийн, хятад ханз бүхий эл гурван толиос онцлон эхнийхийг нь танилцуулъя. Монгол, Германы хамтарсан судалгааны баг 2001 онд Хархорум хотын туурийг малтан эдгээр толийг олжээ.
Байгалийн дүрстэй толины нүүрэн тал нь цулгуй бол ар талдаа сэнжтэй. Зүүн хэсгээр нь цэцэглэж буй модон дор хоёр хүн зогсож байгаагаар дүрсэлжээ. Цаана нь буюу алсад нэг гүүр, хэдэн байшин, сэнжний баруун талд нь илжиг хөтөлсөн малчин, наана нь зүлгэн дээр идээшлэн буй мал байх аж. Малчин эр энгийн богино хувцас өмсөн гартаа саваа барьсан бол нөгөө хоёр хүн урт хувцас өмсөөд үсээ овойлгон янзалжээ.
Хамт зогсож буй хоёрын нэг нь гараа ханцуйгаараа далдалж, толгойгоо бөхийлгөсөн байхад нөгөөх нь ялигүй гэдийгээд гартаа толь барьсан. Энэ мэтчилэн хүмүүсийн төрх, хувцас, үсний чимгийг энд уран бодитоор дүрсэлсэн байна. Толины ард дүрсэлсэн хоёр хүн нь Тан улсын үеийн Ли Чаовэй хэмээгчийн зохиосон “Лю Игийн түүх” нэртэй бүтээлийн баатар Лю И Лун хааны хоёр охин юм байна. Үүнтэй бараг ижил толь Хэйлонжян мужаас олдсон нь Алтан улсын (1115-1234) үед хамаардаг.
Харин Хархорумын тууринаас олдсон толь XIII-XIV зууных. Дашрамд сонирхуулахад, толины хийц өөрчл өгдсөөр ирсэн байдаг бөгөөд Юань гүрний үед дугуй байсан толь түүнээс хойш зуйван, ромбо, найман өнцөгт хэлбэртэй болон өөрчлөгдсөн байдаг. Харин Манж Чин гүрний үеэс одоогийн шилэн толийг хэрэглэх болжээ.
Ж.СОЛОНГО