БСШУ-ы сайд Л.Гантөмөр Холливуудэд хөл тавьж Монголынхоо нэрийг гаргаж яваа жүжигчин Р.Анхнямыг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ.
Уулзалтын үеэр салбарын сайд жүжигчний цаашдынх нь уран бүтээлд амжилт хүсч ЮНЕСКО-д бүртгүүлсэн монгол бичгээр “Р.Анхням” хэмээн нэрийг нь бичсэн талархал, яамны соёл бодлогын газартай чөлөөтэй харилцах ногоон гэрлийн батламж гардуулсан юм.
Жүжигчин Р.Анхням “БСШУ-ы сайд хүлээн авсанд маш их баяртай байна. Холливуудэд жим гаргасан жүжигчний нэг боллоо гэсэн сайхан ерөөл хэллээ. “Чонон сүлд” кинонд тоглож байхад үндэстнийг төлөөлж байгаа учраас энгийн үед ч үг, үйлдэлдээ анхаарах хэрэгтэй болж байсан. Хэн ч Анхням гэж хэлэхгүй, Монголын жүжигчин л гэж хэлдэг учраас кинонд ямар ч алдах эрх байхгүй. Хойшдоо ч гэсэн маш их хичээж ажиллах болно” гэлээ.