Дуурийн болон мэргэжлийн дуучдын дунд хоёр жил тутамд болдог “BBC Cardiff Singer of the World” тэмцээний энэ оны шилдэг 20 оролцогчийг хоёрдугаар сарын 24-нд Лондон хотноо зарлалаа.
Уэльс, Франц, Герман, Итали, Мальта, Норвеги, Швейцарь, АНУ, Канад, Өмнөд Солонгос, Беларусь, Украин, Турк, Монгол болон Өмнөд Африкийн 20 дуучин энэхүү нэр хүндтэй шагналын төлөө өрсөлдөх аж.
Зургадугаар сарын 14-нөөс эхлэн найман хоног үргэлжлэх тэмцээний зохион байгуулагчид дуурийн дуучин Э.Амартүвшинг "Баритон хоолойтой дуучны нэг. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Соёл, урлагийн их сургуулийг төгссөн. Тэрбээр ирээдүйн сонгодог дуу дуулаачдыг нээн илрүүлэх зорилгоор 1983 оноос зохион байгуулж эхэлсэн энэ тэмцээнд Монголоос оролцож байгаа анхны дуурийн дуучин юм" хэмээжээ.