“Оскар”-ын шагналт, Францын нэрт найруулагч Жан Жак Анногийн найруулсан “China Film Group”-ийн бүтээл “Чонон сүлд” киноны Монгол дахь нээлт энэ сарын 27-ны 19.00 цагт “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо” кино театрт нэгэн зэрэг болох аж. БНХАУ-д хоёрдугаар сарын 19-нд нээлтээ хийсэн даруйдаа 7.5 сая ам.долларын орлого олоод буй уг киног Монголд гаргах ажлыг “Гэгээ паблишн” компанийнхан санаачлан гэрээг үзэглэсэн байна. Уг киноны гол дүрд Уилльям Фин Шаофин, Шаун Ду, Бэсин Зябу болон Монголын жүжигчин Р.Анхням нар тоглосон юм. Орчуулагч Д.Болдбаатар “Чонон сүлд” роман гарснаас хойш дэлхийн олон оронд өөр өөрсдийн хэлээр орчуулсан байдаг.
Харин монгол хэл рүү орчуулах ажлыг би 2010 онд дуусган уншигчдын гарт хүргэсэн юм. Энэ орчуулгыг маань Хятад улсад монгол бичгээр буулган хэвлүүлж, киноны нээлтийн үеэр худалдаанд гаргаж байгаад их баяртай байна. Түүнчлэн Хятад улсын талаас “Чонон сүлд” киног хийж байх үеийн фото агшин болон жүжигчдийн талаар сонирхолтой баримт дэлгэсэн ном гаргаж байгаа. Дашрамд сонирхуулахад, уг киног хийхэд 100 гаруй сая ам.доллар зарцуулсан юм билээ” хэмээн ярилаа.
Киноны нээлтийн талаарх хэвлэлийн бага хурлын үеэр жүжигчин Р.Анхнямтай хэдхэн хором ярилцсан юм.
-Кино шүүмжлэгчид “Чонон сүлд” кинонд ямар дүгнэлт өгч байгаа бол?
-Яг энэ талаар мэдээлэл надад одоо алга. Гэхдээ хүмүүс “Чонон сүлд”-ийг маш их сонирхож байгаа. 2016 оны “Оскар”-ын хамгийн ойр байгаа киноны нэг болсон гэж Жан Жак найруулагч ярилцлага өгөхдөө хэлсэн байсан.
-Киног ямар хэлээр гаргахаар болсон бэ?
-Эхлээд монгол хадмал орчуулгатай гаргая гэж ярилцаж байсан юм. Харин харилцагч талаас өвөрмонгол дуу оруулгатай гэснийг сонсоод түүгээр нь гаргахаар болсон. Учир нь аливаа зүйлийг сонсохоор илүү ойлгомжтой байдаг шүү дээ. Дээрээс нь “Чонон сүлд” монгол ахуй, монголчуудын амьдралын тухай кино учраас өвөрмонгол орчуулгатай нь дээр гэж бодсон.
-Уг кинонд тоглож байхад хэцүү санагдах үе байв уу?
-Жүжигчид ажлаа хийх явцад даарах, шөнө нойргүй хонох бол энүүхэнд. Үүнийг би хүндрэл гэж үздэггүй. Жүжигчин хүн бүрт ийм зүйл тохиолддог. Харин энэ кинонд буруу тоглох вий, үндэстнийхээ талаар сөрөг сэтгэгдэл үлдээх вий, монгол үзэгчид маань үзээд эвгүй сэтгэгдэл төрөх вий гэж л болгоомжилж байлаа. Гэр хэрхэн барих вэ гэх мэт монгол зан заншлын талаар зөвлөгөө өгөхөөр хоёр өвөрмонгол хүн ажилласан л даа. Дараагийн уран бүтээлийн хувьд Хятадын уран бүтээлчидтэй гэрээ хэлэлцээ хийх шатандаа явж байна.
-“Чонон сүлд”-ийн нээлтэд киног бүтээлцсэн болон оролцон тоглосон гадаадын уран бүтээлчид ирэх үү?
-Одоо яг энэ талаар ярилцаж байгаа. Ямартай ч жүжигчид ирнэ. Гэхдээ хэн, хэн ирэх нь хараахан тодорхой болоогүй байгаа.
Г.ОЮУНТОГТОХ