“Он цагийн хүнд өгдөг хамгийн том ял нь мартагдах” гэж Төрийн шагналт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн хэлсэн удаатай. Тэгвэл Монголын орчин цагийн хөгжмийн түүхийг бүтээлцсэн гавьяатан болох Сэмбийн Гончигсумлаа энэ ялыг эдлэхгүй азтай нэгэн аж. Өчигдөр ХБК-ийнхон түүний мэндэлсний 100 жилийн ойд зориулж гэрэл зургийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан бол өнөөдөр ДБЭТ-т хүндэтгэлийн тоглолт тавих нь. “Сэмбийн Гончигсумлаагийн мэндэлсний 100 жил бол зөвхөн нэг хүний насны ойн асуудал биш, Монголын хөгжмийн соёлын өнгөрсөн зууныг эргэн харж, урагшлах замаа түүний зааснаас гажуулахгүй байх ухаан сэхээрлийн ой гэж ойлгож болно” хэмээн Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров илтгэлийнхээ төгсгөлд хэлсэн.
Энд Гончигсумлаа гуайн сурагч ахуй үе, гэргий Евгения Димитриевна Кузьмина, болон хүүхдүүдтэйгээ даруулсан зургаас эхлээд Зөвлөлийн хөгжмийн зохиолчдын гуравдугаар их хуралд оролцсон, ЗХУ-ын хөгжмийн зохиолч Рихард Вагнерийг хүлээн авсан үе гээд Монголын хөгжмийн түүхтэй нягт холбоотой түүхэн баримтуудыг дэлгэсэн бөгөөд эднийг түүний хүү Зориг болон хөгжим судлаач С.Юндэнбатын архиваас авч дэлгэжээ. Хүү Зоригоос нь түүний талаар лавлахад “Аавыгаа харах хүүгийн нүд, бусдын шинжих өөр байдаг учир би ярьвал бодит дүр гарахгүй болов уу. Яагаад гэвэл хүүхэд бүр аавыгаа шударга, хамгийн гоё гээд л сайхан өнцгөөс л хардаг шүү дээ. Тиймээс өөр хүмүүсээс асуусан дээр байх. Аавынхаа тухай дурсамж хуваалцана гэхээр үнэтэй цаг мөч сэтгэлд минь өчнөөн байгаа учир алийг нь хэлэхээ мэдэхгүй тулгамдаж байна. Ямартай ч сонгодог хөгжим сонсох бүрт аавыгаа санадаг даа” хэмээв. Ингээд алдарт хөгжмийн зохиолчийн мэндэлсний 100 жилийн ойн нээлтэд ирсэн зочдоос түүний талаарх дурсамжийг нь хуваалсанаа хүргэе.
Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа:Гончигсумлаа гуай хөгжмийн амьдралаас нэг ч удаа хоцорч байгаагүй
-Гончигсумлаа багштан залуу үеэ их анхаарч, дэмждэг, хөтөлж залдаг хүн байлаа. Би номын шавь нь биш боловч ухааных нь шавь яах аргагүй мөн. Шавьдаа сургадаг арга нь янз бүр. Тухайлбал, 1986 онд дуу, ари романсуудын түүврээ гаргахдаа надаар редакторлуулсан юм. Миний хянаж засна гэж юу байх вэ дээ, үгийн хуваарилалт гэх зэрэг ганц нэгхэн юм л өөрчилсөн байх. Хамгийн гол нь багшийн бүтээлээс харж ихийг сурч авсан. Ийм маягаар алсаас нөлөөлж чаддаг ухаантай хүн байсан даа. Багштан ДБЭТ-т тавьж буй бүх тоглолтыг алгасалгүй эхнээс нь дуустал үздэг байсан. Өөрөөр хэлбэл, хөгжмийн амьдралаас нэг ч удаа хоцорч байгаагүй. Өөрийнхөөсөө гадна нөхдийн шинэ бүтээлийг сонсож, анхаардаг зөвлөдөг байсан. Энэ үзэсгэлэнд бид хоёрын авахуулсан нэг зураг байна. 1981 онд Халх голд, Сүмбэрийн заставт Хөгжим, яруу найргийн баяр болсон юм. Гончигсумлаа багш ахлаад манай бүх томчууд очиж байлаа. Энэ үед багш надад “Би Халх голд анх удаа л ирж байна. Одоо надад ахмад дайчин цол өгөх байлгүй дээ” гэж хошигнож ярьсан нь тодхон санагдана.
Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ж.Шараа:Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гал голомтыг бадраасан буянтай буурал багштан юм
-Энэ агуу хүний тухай дурсан ярина гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг, нөгөөтэйгүүр үүрэг хариуцлага. Гончигсумлаа гуай Орост сургуулиа дөнгөж төгсөөд тас хар үс, хөмсөгтэй хүн Хөгжимт драматик сургуульд ирж надад цагаан толгойн онол, дараа нь дуурсахуйн ухааны хичээл зааж байлаа.Багш минь өндөр боловсрол, мэдлэгтэй, хичээлээ их цэгцтэй заадаг байсныг 63 жилийн дараа дурсахад таатай байна. Шулуун шударга, за гэвэл ёогүй. Хүмүүст ч өөртөө ч их өндөр шаардлага тавьдаг. Зохиолоо багшдаа үзүүлэхээр улаан харандаагаар дээрээс нь зурчихна. Нэгэнт улаанаар тэмдэглүүлсэн учир шинээр бичихээс өөр аргагүй болдог байлаа. Би анхныхаа бүтээлээ 1961 онд Монголын үндэсний радиогийн алтан фондод оруулах үед багш уран сайхны удирдагчаар нь ажиллаж байсан юм. Тэр үед багш миний хийл төгөлдөр хуурын бүтээл “Монгол аялгуу”-гийн клавир дээр “Зохион байгуулах товчоо” тамгаа дарж байжээ. Багш маань 1957 онд С.Мааяа гуайтай хамтарч “Зохион байгуулах товчоо” байгуулж, долоон жил бэлтгэлээ хийгээд 1964 онд Хүүхэлдэйн театрын танхимд Монголын хөгжмийн зохиолчдын анхдугаар их хурал хийсэн. “Дэлхийн ардчилсан залуучуудын дуулал”-ыг зохиосон Анатоли Новиков болон Гончигсумлаа, Мөрдорж, Дамдинсүрэн, Лувсаншарав, Жамъян хуурч, уртын дуучин Цоодол нарын мундагуудтай 1964 онд Соёлын яамны үүдэнд миний хамт даруулсан зургийг энэ үзэсгэлэнд тавьжээ. Тэр үед би залуу байсан тул учрыг нь сайн ойлгоогүй явж. Одоо харах нь ээ, түүхэн зураг байна. Монголын хөгжмийн зохиолчдын анхдугаар их хурлын өмнөхөн зохион байгуулсан уулзалтын зураг юм. Монголын хөгжмийн зохиолчдын холбоог байгуулж тамга тэмдэгтэй болгон, гал голомтыг нь бадраасан буянтай буурал багштан юм.