УДЭТ-ын “Долоон найруулагч, долоон жүжиг” төслийн хүрээнд Дарио Фогийн “Чөлөөт хос” жүжгийг Ч.Найдандорж найруулан, өнгөрсөн оны аравдугаар сард олны хүртээл болгосон. Гэр бүлийн ариун нандин харилцаа, түүнтэй зэрэгцэн дурдагдах чөлөөт сэтгэлгээ, хүсэл хайрын тухай өгүүлэх энэ жүжгийн гол дүрд “моно жүжгийн” тодотголтой Ц.Баясгалан, залуу жүжигчин Э.Тодгэрэл нар тогложээ. Найруулагчийн санаанд 10 жил хоногшиж, арав гаруй сарынх нь хөдөлмөрөөр бүтсэн “Чөлөөт хос” гуравдугаар сарын 1-нээс эхлэн 12 хоногийн турш тоглох юм. Жүжиглэхээс гадна чадварлаг дуулчихдаг жүжигчин л энэ жүжгийг амилуулах учиртай. “Чөлөөт хос” жүжгийг үзэж байхдаа 13 дуу, 40 орчим аяз сонсох боломжтой. Хөгжмөө мэргэжлийн хүнд даатгаж, энэ жүжгийг л илэрхийлэх уран бүтээл туурвиулснаараа онцлогтой аж. Хайрыг гажуудуулсан “Чөлөөт хос”-ын дүрэм таны таашаалд нийцэх эсэхийг үзэж сонирхож болох юм.