Уламжлал болон зохиогддог мөсний баяр энэ жил 15 дахь жилдээ “Гайхамшигт Хөвсгөл нутаг” нэртэйгээр гуравдугаар сарын 1-4-нд болох гэж буй.Энэ жилийн мөсний баярыг өмнөх жилүүдээс шинэлэг маягаар хийхээр төлөвлөн, мөсөн сийлбэрийн тэмцээн, мөсөн дээрх үндэсний сур харвааны тэмцээн зохион байгуулахаар болжээ. Баярын үеэр морин чарга, нохойн чарга, цааны чаргатай уралдаан зохион байгуулж, цаатан ардын бүжгийг олонд сурталчлах аж.
Энэ баярыг тохиолдуулан Хөвсгөлийн Аялал жуулчлал эрхлэгчдийн холбоо “Dazzler design” компанитай хамтран үндэсний мөсөн сийлбэрийн тэмцээн анх удаа ийн зохиож байгаагаараа онцлог юм. Тус аймгийн Хатгал тосгоны Доод модот хэмээх газар хоёр тонн мөсөөр мөсөн, цасан урлалын сийлбэрчид гурав хоногийн хугацаанд мөсөн хотхон урлаж сүндэрлүүлэх гэнэ.
Уг мөсний баярыг сонирхохоор зорьсон хүмүүс Хөвсгөл нутгийн сор болсон дээж бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг үзэж, далай дээгүүр морь, нохой, цаатай чаргаар аялж, цаатан айлд зочлон, мөсөн хотхонд морилон саатаж мөсөн аяга, хундаганаас энэ нутгийн амттан ундааг зооглох боломжтой.