Драмын эрдмийн театрын хамт олон хаврын тэргүүн сарын шинийн тавны билэгт сайн өдөр “Алтан үе”-ийн ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг сайхан уламжлалтай. Тэгвэл өчигдөр Драмын “алтан” тайзнаа хүч, хөлдөлмөр, оюун ухаанаа заран ард түмнийхээ хүндэтгэл хайрыг хүлээсэн ахмадууд мөн театрын ачааг үүрч яваа, тэдний залгамж халаа болсон дунд, залуу үеийн уран бүтээлчидтэйгээ учран золгосон юм.
Тэд ахмад буурлууддаа мэндийн цэнхэр хадгаа өргөн барьж, галзууруулагч хэмээх модон хонин жилдээ амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл тавин, тэдний сэтгэлийн үгийг сонсон, уран бүтээлийн дээжээрээ бэлэг барин хүндэтгэл үзүүллээ.
Ахмад буурлууд маань удаан уулзаагүй нөхөдтэйгөө хууч хөөрч энэ өдөр Драмын тайзнаа урлагийн тэнгэр Янжинлхам бурхнаа өргөн залж, мөргөн залбирсан юм.
Энэ жил Төрийн соёрхолт, ардын жүжигчин Ц.Цэвэгмид, О.Бат-Очир, З.Цэндээхүү нарын мэндэлсний 110 жил, ардын жүжигчин Т.Хандсүрэн гуайн 100 жилийн ой тохиож байгаа аж.
Мөн Төрийн соёрхолт, ардын жүжигчин Ц.Гантөмөр, гавьяат жүжигчин Б.Энхтуяа нар энэ жил 80 хүрч байна.
Улсын драмын эрдмийн театрын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу “Бид жил бүрийн шинийн таванд Монголын шинэ цагийн мэргэжлийн театрын урлагийг үүсгэн байгуулж, залуу нас, авьяас чадвар, хөдөлмөр бүтээлээ театрын урлагт зориулсан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, театрын их золголт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ үеэр тухайн жилдээ мэндэлсний болон нас сүүдэр тэгширч байгаа ахмадууддаа мөн хүндэтгэл үзүүлдэг. Үүний үргэлжлэл тухайн жилийнхээ оны сүүлд “Алтан үеийнхнээ бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн ёслолын үйл ажиллагаар үргэлжилдэг. Өнгөрсөн жил театрын хамт олны хувьд их ээлтэй жил байлаа. Морин жилд 60 гаруй ажил төлөвлөж, ажлын гүйцэтгэлээ гаргасан. Төлөвлөсөн ажлууд их амжилттай биелсэн байна. Тухайлбал, 200 орчим тоглолт зохиож, нийтдээ 60 орчим мянган хүнд урлаг соёлын үйлчилгээ үзүүлсэн. Морин жилд өмнө нь хийгдэж байгаагүй шинээр хийсэн зүйл бол ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын санаачилгаар бэсрэг жүжгийн төсөл хэрэгжүүлж, театрын урын сан баяжсан. Хонин жилдээ урын санд байгаа 30 гаруй уран бүтээлээ тоглож, үзэгч олондоо хүргэхээс гадна томоохон хоёр шинэ уран бүтээл хийхээр төлөвлөсөн.
“Үнэний хаан Будда” жүжиг тоглохоор төлөвлөөд байна. Салбар яаманд төслөө хүргүүлсэн байгаа. Мөн сонгодог уран бүтээлээс “Ромео, Жульетта” жүжгийг тоглохоор төлөвлөж байна” гэж ярилаа.
Мөн 1990-ээд оны сүүлээр тоглож байсан Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн “Үгүйлэгдсэн хайр” жүжгийг шинээр сэргээх ажлыг Драмын театрын хамт олон эхлүүлээд байгаа юм. Энэхүү жүжиг дөрөвдүгээр сараас эхлэн тайзны бүтээл болох аж.
Ардын жүжигчин Д. Мэндбаяр “Золгуулт их сайхан болж байна. Бид өнөөдөр энэ л алтан тайзнаа цуглаж, амжилт бүтээлээ хууч хөөрдөг. Бие биеэ хараагүй удсан болохоор их сайхан байна. Теартынхаа хамт олонд баярлаж байна. Олон жил ажиллаж, амьдарч, жаргал зовлонгоо хуваалцаж байсан тайз маань амь орох шиг боллоо” гэлээ.
Ардын жүжигчин Г.Мягмарнаран “Театрын хамт олон арвин их олзтой байлаа. Хонин жилдээ төлөвлөсөн их ажилтай байна. Жил бүр хөдөөгийн хөдөлмөрчдөдөө очиж зогодог уламжлалтай. Театрын хамт олон аялан тоглолтыг энэ жилээс эхлэн хавар, намар хоёр удаа хийхээр төлөвлөөд байна. Тавдугаар сард Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ аймагт тоглоно. Мөн Өвөрхангай, Баянхонгор аймагт аялан тоглолт хийж, театрын өдрүүдийг зохионо” хэмээн ярив.
Мөн модон хонин жилдээ театрын байрыг засварлан, техник тоног төхөөрөмжөө шинэчлэх төсөл эхлүүлээд байгаа юм байна.
М.Болорцэцэг