Дуучин Леди Гага “Цус сорогчийн өдрийн тэмдэглэл”, “Чикаго түймэрт автав” кинонуудад тоглосон жүжигчин Тейлор Киннитэй сүй тавьснаа зарлажээ. Тэрбээр “Instagram” дахь цахим хуудсандаа “Тэр надад Гэгээн Валентины өдөр зүрх сэтгэлээ өгсөн, би зөвшөөрсөн хариулт өглөө” гэж хэлээд сүйн бөгж зүүсэн зургаа байрлуулсан байна.
2011 онд Леди Гагагийн "You And I" дууны клипний зураг авалтын үеэр танилцсан хосууд энэ зун хуримаа хийх гэж байгаа тухай хэвлэлүүд урьд нь бичиж байсан билээ. Кинни дуучны ааваас адислахыг гуйсан бөгөөд түүнд гэрлэх санал тавих гэж байгаа тухай “Life & Style Weekly” сонинд бичиж байв.
Гэрлэх ёслол энэ зун Америкийн Калифорни муж улсад поп дуучны саяхан худалдан авсан шинэ харшид болно гэж хэвлэлүүд бичиж байна.