Зураач, уран дархан, уран барималч, нэвтрүүлэгч, сайн дурын ажилтан гээд олон төрлийн мэргэжил, мэдлэгтэй нэгэн бүсгүйг та бүхэнд танилцуулъя. Энэ удаа ярилцлагаа арай өөр хэлбэрээр уншигчдадаа хүргэхээр зорьж, түүнийг ганцааранг нь “яриуллаа”. Түүний хувьд өөрийгөө дөвийлгөж, тодруулахыг зориогүй ч харин би залуу насандаа олон ажил, уран бүтээл хийж, цаг заваа маш сонирхолтой байдлаар өнгөрүүлж байгаа түүнийг дэлгэрэнгүй танилцуулахыг хүслээ. Таалан болгооно уу.
САЙН БАЙНА УУ
Намайг Лхагважавын Мянганцэцэг гэдэг. Би Улаанбаатар хотод айлын отгон охин болж төрсөн. Намайг уран бүтээлч болоход ээж минь их нөлөөлсөн. Бага байхын л зураг зурах дуртай байсан төдийгүй наймхан настайдаа цагаан дарь эх бурханыг жижигхэн цаасан дээр хичээнгүйлэн зурж байсан нь энэ замыг сонгох эхлэл байсан гэдэг. Зураг урлалын гүнзгийрүүлсэн сургалттай “Ирээдүй” цогцолбор сургуулийн монгол зургийн ангийг дүүргэсэн учраас бодит ертөнцөөс тусдаа өөрийн гэсэн ертөнцийг сэтгэлдээ бий болгоод түүндээ зочлон амьдрах дуртай. Тиймдээ ч их романтик сэтгэлгээтэй эмэгтэй. Тэр ертөнцөд болсон бүх үйл явдлыг шүлэг болон бичил абсурд зохиол болгох дуртай. Уран бүтээлээ туурвин суухын хажуугаар үзэг цаас нийлүүлээд суух сайхан байдаг.
МЭРГЭЖЛИЙН ЭМЭГТЭЙ УРАН ДАРХАН
Би зураач уран дархан мэргэжилтэй тул яахын аргагүй угсаатан зүй рүү ханцуй шамлан ордог. СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн монгол уран дархны ангийг төгсөж, дараа нь урлаг судлалаар магистрын зэрэг хамгаалсан. Тиймээс одоо бол монгол уран дархны мутрын ур, мэлмийн ур, ухааны урыг шингээсэн бүтээл туурвихыг хичээдэг. Учир нь би өөрийгөө монгол уран дархны ур ухааныг өвлөн тээж, сурталчлан таниулж байгаа соёлын биет бус өв тээгч гэж боддог. Тиймээс монгол уран дархны хамгийн уран нарийн хийц болох Дарьганга хийцийг орчин үеийн эдлэл хэрэглэлд буулган, хэрэгцээ шаардлагад нь нийцүүлэн бүтээлээ урладаг. Монголд эмэгтэй уран дархан маш ховор. Мэдээж эмэгтэй хүний халгахаар мэргэжил хэдий ч гараа цохиж, нүүрээ түлсэн ч гэсэн би дарх хийх дуртай. Мөн ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад орсон Дарьганга хийцийг өвлөн авч, энэ төрлөөр уран бүтээлээ туурвидаг нь миний хамгийн гол онцлог. Миний бүтээл дахин давтагдашгүй цор ганц бөгөөд дэлхийн өөр аль ч улс оронд байхгүй арга хийцтэйгээрээ үнэ цэнэтэй билээ. Бүтээлүүдээ хийж дуусгаад л эзэнд нь өгчихдөг учраас өөрт үлдэх нь ховор. Аав, ээждээ өөрийнхөө гараар аяга хийж өгсөн. Уран дархан хүн үзэсгэлэн гаргах амарг үй. Тэрбумтан болсон хойноо л үзэсгэлэн гаргах болов уу.
УРАН БАРИМАЛЧ, АБСУРД ЗОХИОЛЧ
Өөрийгөө хөгжүүлж, салбар бүрт авьяасаа сорих хүсэл бий. Намайг онлайн ертөнцөөс “Од хан” нэрээр хайж олоорой. Айлын отгон охин, галаа манах хувьтай төрсөн нэгэн болохоор отгон гэдэг үгийг монгол бичгээр галиглан бичдэг нэршлээр фэйсбүүк нэрээ сонгосон юм. Би зураг зурж, дарх хийхийн хажуугаар богино абсурд зохиол, шүлэг бичиж түүндээ зориулан баримал хийдэг. Цагаа олж төрөөг үйн гачлан, ирсэн газартаа буюу эхийнхээ умайд эргээд багтахгүйдээ бодит ертөнц ямар их хүйтэн болоод хүмүүний сэтгэл хүртэл ямар их хүйтэн хөндий болсныг, бид эхийн хэвлийгээс гарч ирсэн цагаас хойш хэзээ ч ганцаараа байх боломж байдаггүй, бие ганцаараа байвч сэтгэлээс хэн нэгэн уяатай байдаг, ганцаараа байна гэдэг бол өөрөө өөртэйгөө ярих цорын ганц боломж учраас ганцаардлаас айх хэрэггүй, хувцасгүй, ямар ч хувцасгүй хууран мэхлэдэг өнгө зүсээ нүцгэлсэн, нүцгэн зүрх сэтгэл, нүцгэн биетэй ярих чин үнэн сэтгэлийн тухай бичдэг. Мөн бүсгүй хүнийг хөглөгч хайр дурлал, эр хүн, эд эсийг чичрүүлэн жаргаах хорвоогийн олон шөнө, хотолзон намирах зоо даган асгарах гэзэг, дуу алдахын төдийд хийсэх ертөнцийн янаг нарийн тоосонцор , үгдэрсэн шалыг “үнсэж сэрээх” сарны гэрэл болоод бүсгүйн нүцгэн гоо сайхныг бишрэн шүтэж шүлэг бичиж, шүлгэндээ зориулан уран баримал, перформансынхаа санааг гаргадаг.
ЗАЛУУ ГЭЛТГҮЙ АРВИН ТУРШЛАГАТАЙ
Би 2004-2006 онд “Үржин Хажод Лин” хийдэд шүтээн урлаач, уран дархнаар ажиллахын зэрэгцээ 2005 онд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Төртогтох, уран дархан Д.Энхдаваа нарын удирдлага дор Төрийн ёслол хүндэтгэлийн шинэ өргөө, Монголын нууц товчооны эхийг хадгалдаг хайрцаг бүтээх уран бүтээлчдийн багт орж ажиллаж байлаа. Дараа жил нь мөн л уран дархан багш нарынхаа удирдлагад Монгол Улсын үндсэн хуулийн эхийг хадгалах хайрцаг, Монгол төрийн хаан тамга бүтээх ажилд оролцсон. Энэ цаг үед багшийнхаа шавь болон суралцаж, Төрийн хүндэтгэлийн, бэлгэ тэмдэг болсон олон бүтээлд гар хүрч, сэтгэл шингээн урлалцсанаараа бахархдаг. Уран зургийн галерейн урлагийн боловсролын ажилтан, куратор, Өвөрмонголын Хөх хот дахь “Ваар урлалын музей”-д уран дархнаар ажилласан. 2010-2011 онд залуу уран бүтээлчдийн “D park” нэгдлийг үүсгэн байгуулахад оролцож “Art center”-ийн захирлаар ажиллаж байлаа. Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулан “Монгол костюмс” ХХК-иас эрхлэн гаргасан “Эртний улсаас эзэнт гүрний үе хүртэл” каталогийн зураач, уран дархан , “Сэмүүн” студийн “ Хаадын хаан кино”-ны хувцасны зураач, уран дархан, “Хорин нэгэн дарь эхийн бодлын орон буюу түлхүүр сүм”-ийн шүтээн урлалын багт бурхан урлаач, уран дархнаар ажилласан. Мөн 2010 оноос хойш “ТВ 9 телевиз”-д нэвтрүүлэгч хийж байгаа.
ШИНЭ ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ГУРАВДУГААР САРД НЭЭНЭ
Дунд сургуулийн сурагч байхдаа “Мэгзэм” бурханы зургийн үзэсгэлэн гаргаж байлаа. Бас “Ээжүүддээ”, “Нүүдэл” үзэсгэлэнгээ гаргасан. Хамтарсан үзэсгэлэнд олон удаа оролцож, 2010, 2013 онд “Алтан бийр” шагнал, 2011 онд Монголын уран зургийн галерейгаас зохион байгуулсан үзэсгэлэнгийн “Оны шилдэг бүтээл”, өнгөрсөн жил “Blue Moоn” галерейгаас зохион байгуулсан “Модерн уран зураг ба Инстолляц- 2” үзэсгэлэнгээс шагнал хүртэж үнэ төлбөргүй үзэсгэлэн гаргах эрхтэй болсон. Өмнө нь “Алтан бийр” шагналыг дагалдаж надад энэ урланг олгосон. Зураач, уран бүтээлч хүний хувьд урлан маш чухал. Тиймээс ийм том боломж олгосонд нь үргэлж талархдаг. Удахгүй буюу гуравдугаар сард зургийн үзэсгэлэн гаргахаар төлөвлөж бүх ажлаа хойш тавьчихаад байгаа.
Ж.СОЛОНГО