Хэдэн долоо хоногийн өмнөөс гэрийнхээ хамаг эд хогшлоо угааж, цэвэрлээд, дээлээ цасан дээр сэгсэрч үсийг нь сэргээн, хаврын тэргүүн сарыг ёслол, хүндэтгэл төгөлдөр угтдаг Монгол уламжлал дэндүү сайхан. Эд юм элбэгшихийн хэрээр хүний шунал, бусдаас илүү байх гэсэн хүслээр Цагаан сар хэмээх баяр дааж давашгүй хүнд санагдаж, муу нэр зүүж, цоллуулах болсон ч ахмад настандаа хүндэтгэл үзүүлж, үгийн сайныг хэлж, ерөөлийн дээдийг өргөдөг энэ баяраа уламжлалынх нь дагуу тэмдэглэж явбал амьдралд өнгө нэмэх нэгэн гэгээ нь энэ буюу. Эрт дээр үеэс монголчууд байгаль эх дэлхийтэйгээ харилцан өнгө аясыг нь даган нүүдэллэн амьдарч ирсэн. Тэгэхдээ бүр эрт буюу 2000 гаруй жилийн өмнөөс намрын улиралд цагаан идээний баяраа тэмдэглэж байсан түүхтэй.
Чингис хаан Их Монгол улсаа байгуулаад Цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгаснаар бид өдий хүртэл энэ уламжлалыг хадгалж яваа билээ. Энэ баярын гол утга учир нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэн, бие биеэ хүндэтгэх зан үйлээ дэлгэрүүлэхэд оршино. Болох бүтэхгүй болгоны төлөө бухимдаж, уур омгоо нэгэндээ гаргадаг болсон өнөө цагт энэ баярыг уламжлалынх нь дагуу тэмдэглэж заншвал сайхан.
Ядаж л Сар шинийн өдөр муу үг хэлэлцэхгүй, муухай хувцас өмсөхгүй, ахмад настнуудаа хүндлэн тохойг нь түшин золгож, ах дүүсээ хаана, хэрхэн, юу хийж амьдарч явааг нь мэдэж, өдөр бүр “дарлуулж” байгаа онлайн харилцаагаа “амьд” болгон өөрчилбөл сайхан болов уу.
“Эмээл хүндэдвээс тохсон моринд дараа болно
Эрхэм хэтэрвээс хүмүүний сэтгэлд осол болно
Янз хэтэрвээс ядуу дордост зүдгүүр болно” хэмээн бичсэн байдаг. Тэгэхээр бид хэн нэгнээсээ илүү харагдах гэж үнэтэй бэлэг, торгон дээл, эртний хөөргөөр уралдах биш уламжлагдан ирсэн гол санаа, ёс дэгийг нь алдахгүй баярлах ёстой аж.
ЭЛБЭГ ДЭЛБЭГИЙН БЭЛГЭДЭЛ
Битүүний өдөр нар шингэхтэй зэрэгцэн идээ будаагаа засаж, сав суулгаа дүүргэн элбэг дэлбэг өнгөрүүлсэн сайхан жилийн үрээ битүүлж аваад ирэх жилдээ үүнээс илүү өнгөтэй өөдтэй явна хэмээн төсөөлдөг. Тиймээс жилийн отгон өдөр болох битүүний орой хот айлаараа өндөр настныдаа цуглан, тоглож наадан битүүрдэг. Энэ өдөр ирэх жилдээ өрх гэрээ дүүрэн элбэг дэлбэг байлгахыг ерөөн гадуур хонолгүй, шинийн нэгэн, хоёрны өдрийг хөтөл өдөр хэмээж холын замд гардаггүй уламжлалтай. Цагаан сараар уур, шунал, мунхаглал гэсэн гурван нүгэлийг тэвчиж, буян үйлдэх нь хамгийн чухал зан үйл ажээ. Битүүний орой цэвэр цэмцгэр хувцаслаж, өтгөс бууралдаа өнгөтэй өөдтэй олбог дэвсгэрээ дэвсэн, ширээгээ засаж дээр нь битүүлгээ тавьж, идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш өрж, галдаа өргөж, бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэгтэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ эхэлж барьдаг ёстой.
Гурван марал одонд идээ өргөж битүүлгээ хөнддөг. Чингис хаан Цагаан сарыг хавар тэмдэглэх зарлиг гаргаж байсан бол Өндөр гэгээн Занабазарын үеэс энэ баярт буддын шашны дэг жаяг нэмэгдэн, илүү ёс дэгтэй болсон гэдэг. Битүүний зоогт эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу, өвчүү байдаг. Хонины бүтэн махыг гэрийн эзэн эхэлж есөн хөндлөн буюу толгой, хошуу, хоёр эрүү, хоёр чих, ууцны хоёр талыг хөндөж эхлээд галдаа, дараа нь бурхандаа өргөөд, гэрт байгаа хүмүүст тараана. Тавиас дээш настанд архи хүртээдэг учиртай. Эртнээс монголчууд Сар шинийн баяраар архи хэтрүүлэн ууж согтуурах, зочилсон айлынхаа идээ будаанд хүндэтгэлгүй хандахыг цээрлэдэг байжээ.
ӨНГӨНИЙ БЭЛГЭДЭЛ
Цагаан сүүний бэлгэдэл болгон энэ баярын нэрийг алдаршуулж, хүмүүс цагаан зүсмийн морь унаж, цагаан бөсөөр хийсэн хувцас өмсөж, цагаан хадаг өргөж, цагаан идээ зооглодог нь хэн хэндээ хиргүй цагаан сэтгэлээр хандаж явъя гэсний бэлгэдэл аж. Алга дэлгэн золгодог нь ч хар санаа үгүй гэдгийн илэрхийлэл юм. Айлд зочлоод цагаан идээнээс нь түрүүлж амсах учиртай. Цагаан сараар монголчууд цагаан болон бор гэсэн хоёр төрлийн идээ бэлддэг. Бор идээнд бүхэл мах, бууз, банш, монгол архийг оруулдаг бол цагаан идээнд хэвийн боов, айраг, ааруул цагааг хамааруулна. Нутаг нутагт хэвийн боовыг ул боов, хавсай гэх зэргээр өөрөөр нэрлэдэг.
Тавгийн идээ засахдаа аз жаргалыг бэлгэдэн сондгой үеэр өрдөг бөгөөд гурваар засаж буй нь тулгын гурван чулууг, тав нь бие махбодийг илэрхийлдэг. Хамгийн ихдээ төрийн хүндэтгэлийн идээг 81 хэвийн боовоор засаж болох бөгөөд харин өндөр настнууд эрэмбээрээ үе нэмэн шинэлэх нь бий. Цагаалах үеэр эвтэй найртай явахын бэлгэдэл болгож хөөрөг зөрүүлж тамхилах бөгөөд харин хөөрөг харшуулж солилцохыг цээрлэхийн хамт толгойг нь дарж болдоггүй. Хөөргөө төр түших гурван хуруу буюу эрхий, долоовор, дунд хуруугаар түшиж тамхилдаг. Энэ нь тухайн хүнийг төрийн хэмжээнд хүндэлж байгаагийн тэмдэг юм. Цагаан сараар ирсэн зочны гар цайлгах ёс нь эртнээс байсан бөгөөд одоо л монголчууд энэ уламжлалаа хүндрүүлж ойлгоод, өөрсдийгөө зовоох болжээ. Угтаа сар шинэдээ элбэг сайхан орсноо бэлгэшээн идээний дээж болгон хэвийн боов, цагаан идээний хамт хүртээж үддэг байсан аж.
ХАДАГТАЙ ЗОЛГОХ НЬ
Мөнгөн дэвсгэрт барин золгох нь уламжлал гэхээсээ илүүтэй цагийн аясаар бий болсон бас нэгэн чимэг гэнэ. Харин хадаг барин золгохыг хамгийн эрхэм хүндлэл хэмээн үздэг байжээ. Золгож байгаа хүн рүүгээ хадагныхаа амсрыг харуулж тохойг нь түшин амар мэндийг нь асуудаг. Ахмад настнууд хадаг барьж болох ч золгож байгаа хүндээ өгдөггүй. Мөн ядам хуруундаа хадагны нэг үзүүрийг ороон золгож ч болдог. Нас чацуу хүмүүс гарын бугуйгаа зөрүүлэн золгодог бол эхнэр, нөхөр хоёрыг нэгэн аминд тооцон хоорондоо золгохыг цээрлэдэг.
ЦЭЭРЛЭХ ЁС
Энэ өдөр гол горхи, худаг, булаг, шандаас ус авахыг цээрлэнэ. Хувин сав усаар дүүрэн бялхаж байх ёстой. Үйл мэтгэхдээ хуучин дээл хувцас нөхөж болохгүй. Харин шинээр оёж болно. Эд юм зээлээр өгөхийг цээрлэнэ. Оны эхэнд гарзын үүд нээгдэж, олзын үүд хаагдана хэмээн ийн цээрлэдэг аж. Мөн энэ өдрүүдэд улай хийх, зуух тулганы үнсээ гаргахыг хатуу цээрлэж, шинийн 7-нд ахан дүүстээ золгохыг хориглодог. Уйлах, хэрэлдэхийг цээрлэдэг бөгөөд үүнийг зөрчвөл хэрүүл шуугиан, зовлон тасрахгүй байна гэж үздэг.
ТОГЛООМ НААДГАЙ
Сар шинийн баяраар монголчуудын уламжлалт тоглоом болох шагайгаар наадаж, битүүн, шинийн нэгэнд айл хотлоороо баярладаг. Шагайгаар тоглох нь мал сүргээ арвижуулж, эд баялгаа нэмэгдүүлэх бэлгэдэл болдог гэж үздэг. Монголчууд алаг мэлхий өрөх, хорол, үйчүүр зэрэг тоглоомоор наадаж явсан. Өдгөө ч энэ уламжлалыг сануулж, түгээхийн тулд Монголын үндэсний музейгээс санаачлан үйчүүр тоглоомын орчин үеийн хувилбарыг хэвлүүлсэн байна. Тоглох дэг, ёс заншлыг нь тайлбарлан зааж өгч байгаа учраас уламжлалт наадгайгаа сурч, үр хойчдоо өвлүүлэх боломжтой юм.
Танд хүргэхээр зорьсон энэ жижиг мэдээлэл хүн болгоны мэддэг зүйл байж болох ч утга, учрыг нь нарийн мэдэлгүй дээдийн баяраа зүхэж, эсвэл түвэгшээж яваа хэн нэгэнд сануулга болох хүрэх болов уу гэж санана. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
С.СЭРГЭЛЭН