Энэ сарын 12-нд эхэлсэн “Мерседес бенз” загварын шоунд Монголоос дизайнер Б.Баярмаа оролцож байна. “Монсоник” группийн ерөнхийлөгч Баярхүүгийн охин тэрбээр 13-нд “Монгол” брэндийнхээ энэ оны хавар намрын загвараа танилцуулжээ. Түүний коллекцыг Монголоос загвар өмсөгч Г.Номин, Ж.Энэрэл нар амилуулж, морин хуурч, хөөмийч Ашид ард нь ая тогложээ.
Алдартнуудаас Америкийн алдарт жүжигчин Майяа Рудольф болон загварын зөвлөх, жүжигчин Тим Ганн нар шоуг нь сонирхсон байна. “Монгол баян түүх, өв соёлтой орон. Дизайнер Б.Баярмаа Монголын уламжлалт хувцасыг орчин үеийн өдөр тутмын хэв маягтай донжтой хослуулжээ. Түүний загваруудын өнгөний хослол ер бусын юм. Өнгө, загвар нь харилцан бие биедээ гайхалтайгаар нөлөөлж байна.
Баярмаагийн загваруудыг өмссөн моделиуд бие даасан, өөртөө итгэлтэй харагдаж байна. Бүтээлүүд нь дэгжин, үзэсгэлэнтэй, бас дүрсгүй юм. Хэрвээ та шинийг эрэлхийлж байгаа бол эргэлзэлгүй “Монгол” брэнд таны сонголт” гэх зэргээр загварын цахим хуудсуудад бичжээ. “Би загвараа урлахдаа хурганы арьс, торго, савхи ашигладаг. Ингэхдээ мал нядалдаггүй, хяргасан ноосыг нь ашигладаг” хэмээн түүний ярьсныг зарим цахим хуудас онцолсон байна.
Б.ДӨЛ