Энэ жил 17 нас хүрч буй хайрын шүлгийн “Цагаан уул” наадамд Улаанбаатар хот, орон нутгийн нийт 120 оролцогч бүтээлээ ирүүлснээс хоёр дахь шатанд шигшигдсэн 50 залуу яруу найрагч энэ сарын 13-нд Улаанбаатар чуулгын тайзнаа шүлгээ уншсан юм. Тэднээс сүүлчийн шатанд тунаж үлдсэн таван яруу найрагчаас Орхон аймгийн Б.Сосорбарам тэргүүн байр эзэлж, Л.Лхагвасүрэн, Б.Оролзод нар хоёр, гуравдугаар байрт шалгарлаа. Б.Сосорбарам, Л.Лхагвасүрэн нар нэг гэр бүл. Жил бүрийн хоёрдугаар сарын 14-нд болдог Хайрын баяраар зохион байгуулдаг “Цагаан уул” наадмын эхний байруудад гэр бүлийн хос шалгарсан нь содон, басхүү содон байв. Үүнээс гадна тусгай байр эзэлсэн Б.Ганхүрэл “Болор цом 2015”-ын шилдэг 30-д тунасан юм. Мөн Өвөрмонголоос гурван найрагч ирж оролцсоноос Т.Мандаарай тусгай байр эзлэв. Ийнхүү хилийн чандаас залуу найрагчид зорин ирж байгаа нь энэхүү наадмыг улам өрсөлдөөнтэй болгосон төдийгүй “Цагаан уул”-ын цар хүрээ тэлж байгаагийн илрэл юм. Монголын залууучуудын холбоо, Монголын зохиолчдын эвлэл, МҮОНРТ хамтран зохион байгуулсан энэ наадмын ерөнхий шүүгчээр соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар, шүүгчээр зохиолч Д.Энхболд, П.Батхуяг, Ц.Дэлгэрмаа, Ш.Баттөр нар ажиллалаа.