Улсын филармонийнхан он гарснаас хойш Монголын уран бүтээлчдийнхээ туурвисан хөгжмийн өв санг алдаршуулж, олон нийтэд түгээх зорилгоор “Монгол уран бүтээл” төслийг эхлүүлсэн. Эхний тоглолтууд амжилттай өрнөж, үзэгчдийн талархлыг хүлээгээд байгаа. Тэд энэ сарын 26-нд буюу Сар шинийн баярын дараахан Монголын хөгжмийн суутнууд хэмээн нэрлэж болох шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлийг эгшиглүүлэхээр болжээ. Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Ц. Нацагдорж, З.Хангал, Б. Шарав, Ц.Чинзориг, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Алтанхуяг нарын симфони найрал хөгжимд зориулсан шилдэг бүтээлийг тоглохоор зэхсэн байна.