“Олон улсын шилдэг бүтээлийн сан”-д Монголын таван музейн 58 үзмэр байдаг. Эдгээр бүтээлийн нэг болох, олноо марзан хэмээн алдаршсан Б.Шаравын “Монголын нэг өдөр” зургийг Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн хамт олон эвлүүлдэг тоглоом болгожээ. Энэ тоглоомын талаар тус музейн менежер Н.Сувд-Эрдэнээс тодрууллаа.
-Үүнийг эвлүүлдэг тоглоом болгох санааг анх хэн гаргасан бэ?
-Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас монгол уламжлалаа хойч үедээ сурталчлан таниулах зорилгоор бэлэг дурсгалын зүйл хийх санаачилга гаргаж, нийслэлийн бүх музейд уриалсан. Энэ дагуу манай музейн уран бүтээлчид “Монголын нэг өдөр” зургийг 72 болон 108 хэсэгтэй эвлүүлдэг тоглоом болгон гаргаж байсан юм. Энэ онд дээрх ажлаа улам өрг өжүүлэн 462 хэсэгтэй эвлүүлдэг тоглоом болголоо. 108 ширхэгтэй эвлүүлдэг тоглоом ойролцоогоор 42:59 хэмжээтэй байдаг бол 462 ширхэгтэй нь 70:54 байгаа юм.
-Эвлүүлдэг тоглоомыг хүмүүсийн насны ангилалд тохируулан хийдэг. Тэгвэл энэ тоглоомыг хэдэн насны хүмүүс тоглох боломжтой вэ?
-Бага ангийн хүүхдээс эхлээд бүх насныхан тоглох боломжтой. Монгол ахуйг хүмүүст таниулах зорилготой хийсэн учраас насны ангилал заагаагүй. Жишээ нь, эсгий хийж буйг хараагүй хүн тоглоход арай хэцүү байна байх. Харин эцэг эхчүүд энэ тоглоомыг хүүхдүүдтэйгээ тоглож, уламжлалт ёс заншил, нүүдэлчдийн амьдралын нэг өдөр хэрхэн өнгөрдгийг тоглоомоор дамжуулан хүүхдэдээ зааж өгөөсэй гэж уриалж байна.
-462 ширхэгтэй эвлүүлдэг тоглоомыг анх тоглож буй хүн хэр хугацаанд эвлүүлж дуусгах бол?
-Насанд хүрсэн хоёроос гурван хүн нийлж эвлүүлэхэд 3-4 цаг зарцуулах юм билээ. Харин ганцаараа эвлүүлбэл цаг их ордог учраас багаар тоглоход илүү сонирхолтой.
-“Монголын нэг өдөр”-өөс өөр ийм эвлүүлдэг тоглоом болгосон бүтээл байдаг юм болов уу. Нийт хэдэн ширхгийг үйлдвэрлээд байгаа вэ?
-Одоогоор байхгүй. Харин ил захидал, ханын зураг хэлбэрт оруулсан хэд хэдэн зураг байгаа. Эхний удаа 700 ширхэг гаргасны 400 гаруй нь худалдан авагчдын гар дээр очсон. “Эдмон” хэвлэлийн үйлдвэрт гар ажиллагаагаар хийлгэж байгаа болохоор захиалга өгснөөс хойш жаахан удаж гарах юм билээ.
-Үнийн хувьд бусад эвлүүлдэг тоглоомноос хэр их ялгаатай байгаа вэ?
-Манайх харьцангуй хямд үнээр буюу 462 ширхэгтэйг 23500 төгрөгөөр, 108 ширхэгтэйг нь 10500 төгрөгөөр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн дэлгүүртээ худалдаж байна. Богд хаан Б.Шаравт “Надад таалагдах зураг зурж ир” хэмээн даалгажээ. Б.Шарав даалгаврын дагуу 1911-1912 онд “Монголын нэг өдөр”, “Үрс гаргаж байгаа нь” хэмээх хоёр зураг зурсан байна. Тэр нь Богд хаанд их таалагдаж, Шаравт “Марзан” хэмээх хоч хайрлажээ. Б.Шарав “Монголын нэг өдөр” бүтээлдээ монголчуудын өдөр тутмын амьдрал, үндэсний ёс заншил, ахуй орчныг харуулж, ертөнцийн ерийн ба ерийн бус, ил, далд утга учрыг илэрхийлсэн аж. Уг бүтээлийн эх хувийг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалж байгаа бол хуулбарласан зургийг нь музейн үзмэрт тавьдаг юм байна.