Одоогоос 15 жилийн өмнө буюу тавдугаар ангид байхдаа анх удаа захидал авч билээ. Тухайн үед юм бодолгүй өнгөрсөн ч одоо санахад хамгийн ариухан, гэгээхэн, сайхан дурсамж үлдээжээ. Орос хэлний толь бичгийн маань завсар шургуулсан тал шоколад (талыг нь өөрөө идсэн бололтой), уртаас урт захидал одоо ч тод санагдаж байна. Шоколадыг нь амтархан идсэн хэрнээ захидлыг нь төдийлэн тоогоогүй юм даг. Ангийн маань хүүхдээс ирсэн тэр захидалд “Сургуулиа төгсөөд цэрэгт явна, цэргээс ирээд чамтай гэрлэнэ” гэсэн мөрүүд нь тавдугаар ангийн сурагч бичсэн гэхээргүй хэрсүү бас итгэл төгс байж билээ.
Гэхдээ тэр захидалд би хариу өгөөгүй, тэр ч хариугаа авъя гэж шалгаагаагүй. Гэвч захидал өгсөн цагаас хойш тэрбээр сургууль дээр надтай таарахаараа буруу зүйл хийсэн мэт толгойгоо илэн, чимээгүй л өнгөрдөгсөн. Одоо таарвал “Чи надад өгсөн захиандаа юу бичсэнээ санадаг уу” гэж асуумаар сониуч зан төрдөг л юм. Сурагч насандаа хэн нэгнийг шохоорхож, хэн нэгэнд дурлаж, хайрын захиа авч, өгч үзээгүй хүн бараг л үгүй. Хоёрдугаар сарын 14. Гэгээн хайрын өдөр. Хайраа илчлэх, илэрхийлэх, хайртай хүнээ баярлуулах, хамтдаа цагийг сайхан өнгөрөөх өдөр. Анхны хайр, анхны захидлаа эргэн бодож, дотроо чимээгүйхэн “баярлах” өдөр.
Хайртай хүндээ шоколад, цэцэг, хайрын захидал илгээх өдөр. Гараараа нандигнан бичсэн захидал хүлээн авах дургүй хүн бий бил үү. Гэнэн бас ариухан үеэ эргэн дурсаж, хайртай хүндээ өөрийн гараар захидал бичиж өгвөл хамгийн сайхан бэлэг болно доо. Би захидал бичих, өгөх дуртай. Үзгээ шүүрч аваад цагаахан цаасан дээр хичээнгүйлэн бичих тэр л мөчид сэтгэл зүрх догдолж, юу бичихээ анхааран бодохоос эхлээд л сайхан байдаг юм. Миний хамгийн олон захидал өгсөн хүн бол ээж минь. Дараа нь нөхөр. Эмэгтэйчүүдийн баяр болгоноор ээждээ захидал бичдэг юм. Тэгээд дугтуйнд хийгээд Хэнтий аймагт суугаа ээждээ илгээхэд хачин их баярладаг. Энэ жил ч гэсэн ээждээ захидал бичнэ ээ. Харин нөхөр бид хоёр нэг нэгэндээ захидал бичих хообийтой.
Одоо үед захидал бичдэг гэхээр орчин үеийн залуусаас хол хоцрогдсон мэт санагдаж болох л юм. Гэхдээ тийм биш ээ. Утсаар, интернэтээр, ам хэлээрээ илэрхийлж боломгүй нандин зүйлийг захидалд шингээж болдог. Хоёр хоногийн өмнө л гэхэд нөхөр минь надад зориулж захидал бичжээ. Тэр захидлаа “Гэр бүлийн радио”-гийн “Дугтайтай сэтгэл” нэвтрүүлгээр дайсан байлаа. Нөхрийнхөө чин сэтгэлээ шингээж бичсэн захидлыг сонсоод өөрийн мэдэлгүй нулимс унагасан. Захидал ийм л шидтэй.