Монголын эртний түүх, археологи, угсаатан судлалын шинэ үеийн нэртэй төлөөлөгч, эрдэмтэн Гочоогийн Мэнэс агсаны “Монгол судлалын өгүүллүүд” хэмээх шинэ ном хэвлэгдэн гарчээ.
Энэхүү бүтээл нь зохиогчийн 1985-2010 оны хооронд туурвиж дотоод, гадаадад нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллүүдийн эмхэтгэл бөгөөд түүний шавь У.Эрдэнэбат, Ч.Амартүвшин, Ц.Төрбат, Ц.Баттулга нар багшийнхаа гэгээн дурсгалд зориулан хэвлүүлсэн байна.
Гочоогийн Мэнэс нь хуучнаар ЗХУ-ын Ленинградын Улсын Их Сургуулийг түүхч, археологичийн мэргэжил эзэмшин төгссөн, Монгол судлал, Монголын түүх, археологи, угсаатны зүйн өргөн мэдлэгтэй, эртний судлал, угсаатны зүйгээр нарийн мэргэшсэн, манай улсын өндөр боловсролтой сэхээтний нэг байсан билээ.
Г. Мэнэсийн судалгаа шинжилгээний гол сэдэв нь Монголчуудын угсаа гарвал, язгуурын Монгол аймгуудын тархалт ба нутагшил, шүтлэг бишрэл, оршуулгын зан үйл, Монголын Нууц Товчооны судалгаа хийгээд Эзэн Богд Чингис хаан, түүний Алтан урагтны намтар түүхтэй салшгүй холбоотой бөгөөд дорно дахины судлал, дэлхийн монгол судлалын төвшинд хийсэн судалгааны бүтээлүүд нь дотоод, гадаадын эрдэмтдийн анхаарлыг татдаг ажээ.