Нэрт туульч Мандиханы Парчингийн мэндэлсний 160 жилийн ой энэ онд тохиож буй. Түүхт ойг тэмдэглэх ажлын хүрээнд долдугаар сард олон улсын эрдэм шинжилгээний хурал хийхээр төлөвлөжээ. Гэвч одоогоор ШУА, Хэл зохиолын хүрээлэнгийнхэнд ямар ч төсөв мөнгөний эрх байхгүйн дээр бүтэц, зохион байгуулалт нь хэрхэн шийдэгдэх талаар тодорхой зүйл үгүй учраас гадаадын эрдэмтдэд урилгаа илгээж чадахгүй байгаа аж. Парчин туульчийн мэндэлсний ойгоор ядаж түүний хайлсан туулиудын эхийг Монголд авчрах тухай асуудал яригдах ёстой ч одоогоор тийм боломж үгүй гэнэ.
Одоогийн Увс аймгийн Хяргас сумын харьяат ядуу тайж Мандиханы хоёрдугаар хүү болон мэндэлсэн Парчин монгол ардын аман зохиолын, тэр дундаа туулийн дундаршгүй сан хөмрөг байжээ. Түүний хайлсан “Бум-Эрдэнэ”, “Даньхүрэл”, “Хийгийн хүйтэн хөх төмөр зэв”, “Эгэл мэргэн”, “Эргэл түргэл” тэргүүтэй олон арван туулийн эх бичлэг өдгөө Санкт-Петербургийн музейд бий. XIX зууны сүүлчээр Монголын хөдөө нутгаар аялж явсан А.В.Бурдуков анх Парчинтай танилцаж, түүгээр тууль хайлуулж, бичлэг хийхийн зэрэгцээ Мажир гэдэг хүнээр үгийг нь бичүүлж авснаа ЗХУ-руу илгээсэн түүхтэй. Үүний мөрөөр нэрт монголч эрдэмтэн Б.Я.Владиморцов Монголд ирж, тэдгээр туулийг бүрэн эхээр нь бичиж, хадгалсан юм байна.