Улсын драмын эрдмийн театрын барилгыг шинэчилж, тайз, дуу, гэрлийн тоног төхөөрөмж худалдан авахад зориулан таван тэрбум төгрөг цуглуулахаар уран бүтээлчид болон театрт хайртай хүмүүс баг болон ажиллаж байна. Тэд “Сэргээн засварлалт” сан байгуулсан бөгөөд театрынхаа засварын ажилд хандив цуглуулахын тулд энэ сарын 28-нд Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгийг тоглохоор болжээ. Тэгэхдээ Монголд амьдарч байгаа гадаадын иргэдэд зориулан англиар орчуулан тоглох болжээ. Синхрон орчуулгыг Б.Дэлгэрмаа хэмээх бүсгүй хийх аж. Гадаадын үзэгчдэд монголын хүчирхэг өвөг дээдсийн түүхийг танилцуулах нь энэ тоглолтын бас нэг зорилго аж.
Түүнчлэн цаашид сангийнхан үндэсний хонжворт сугалаа гаргаж, хандивын тоглолт хийж, гадаадын компаниудтай хамтран ажиллах замаар санхүүжилтээ бүрдүүлэхээр төлөвлөжээ. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас театрын засварт зориулж төсвөөс мөнгө олгоогүй юм билээ.