1969 оны өвөл Нью-Йоркийн Брүклин дүүргийн ядуу гэр бүлд нэгэн хүү мэндэлсэн нь хожим дэлхий ертөнцөд од болон гялалзаж, орчин үеийн дуу хөгжим, хувцас загварын өнгө төрхийг тодорхойлох алдарт реппер болно чинээ хэн санах билээ. Шон Корей Картер буюу Жэй-Зи алдарт реппер төдийгүй сагсан бөмбөг чадварлаг тоглодог нэгэн. Тэрбээр “The 40/40 club” сүлжээ спорт клуб, Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Нью Жерси Нэтс” баг, “Rocawear” брэнд болон “Def Jam Records”-ийн эзэн юм. Мөн Жэй-Зи олон залуу дуучдыг алдрын оргилд хөтөлсөн чадварлаг продюсер билээ. Үүний нэг нь дуучин Риана бөгөөд түүнтэй олон жил хамтарч ажилласан аж. Харин түүний хувийн амьдрал бусад хип хоп дуучдыг бодвол тогтвортой байдаг. Дуучин Бейонсетой олон жил үерхсэний эцэст 2005 оны хавар хуримаа хийн, гэр бүлийн амьдралаа эхлүүлсэн юм. Бейонсе нэгэн ярилцлагадаа түүнийг маш хичээнгүй, тууштай. Би тэр занд нь хамгийн анх татагдаж, харин түүнийг таних тусам улам ихээр хайртай болсон юм хэмээн ярьсан байдаг. Жэй-Зи 1999 оноос “Грэмми” наадамд өрсөлдөж эхэлсэн. Түүнээс хойш нийт 178 номинацид нэр дэвшиж 59 нь “Грэмми” авсан. Эхнэр Бейонсетой хамтарч дуулсан “Drunk in love” дуу нь 2015 оны “Грэмми” наадмын шилдэг R&B дуу болсон билээ. Түүнтэй “Форбес” сэтгүүлийн сурвалжлагч одоогийн хөгжмийн ертөнцийн талаар хэрхэн ярилцсаныг толилуулъя.
-Грэммийн шагнал авсанд тань баяр хүргэе. Шагнал авч байх үеийн сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Би олон удаа Грэммийн шагналын эзэн болж байсан л даа. Гэхдээ энэ удаа Грэммиг эхнэртэйгээ хамт дуулсан дуугаараа авсан болохоор маш их баярлаж, бас гэр бүлээрээ бахархаж байлаа.
-Ярилцлагынхаа гол сэдэв рүү оръё. Сүүлийн үед таны уран бүтээлийг борлуулдаг дэлгүүрүүдийн зарим нь дампуурч байна хэмээн та ярилцлага өгсөн байсан. Одоо энэ асуудал юу болж байна вэ?
-Бид ирээдүйд яг юу болох талаар мэдэж чадахгүй шүү дээ. “Хүсвэл хясна” гэгчээр ямар нэгэн байдлаар бүх зүйлс өөрчлөгддөг. Анх дуу хөгжмийн интернэт дэлгүүр болох “Napster” үйл ажиллагаагаа явуулж эхлэхэд дуучид эгдүүцэж байсан бол бид уран бүтээлээ CD болгох уу, эсвэл интернэтээр худалдаалах уу гэдгээ өдий хүртэл шийдвэрлэж чадаагүй л байна шүү дээ.
-Энэ бүхэн хүмүүсийн хөгжим сонсох гэсэн хүсэлтэй холбоотой юм болов уу?
-Миний бодлоор хүсэл бол асуудал биш. Дуу хөгжим бүх үеийн түүхэн дэх хэрэглээнийхээ хамгийн дээд цэгтээ хүрсэн гэж би ойлгодог. Харин хөгжим үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээ мөнгө болгох арга зам нь хэтэрхий том зах зээлийг хамарч байгаад оршиж байна. Урьд нь бид хөгжмийг барьж, харж, эргүүлж, тойруулж үзэж чаддаг байсан бол одоо хөгжим агаарт байж байдаг химийн нэгэн найрлага мэт болсон санагдах юм.
-Таны өгсөн ярилцлагуудыг уншиж байхад “бүх үеийн түүхэн дэх” гэж хэлэх дуртай санагдсан. Сая ч гэсэн та ингэж хэллээ. Үргэлж энэ үгийг хэрэглэдэг үү?
-Цаг ямагт хэлдэг ганц үг байгаа юм. Бидний өдөр тутам хэрэглэдэг үгсийг би дуундаа оруулснаар хүмүүсийн сэтгэх үйд ойр санагдах болов уу гэж боддог. Нэрт дуучин Раким 1988 онд өгсөн ярилцлагадаа “Би хүмүүсийн хэрэглэдэггүй байсан хөмрөх гэдэг үгийг өдөр тутмын үг болголоо” гэж дурдсан байдаг. Тиймээс хип хоп бол үг моодонд оруулдаг урлаг учраас би ч гэсэн нэг үгийг санал болгомоор санагдсан. Би алдартай хүмүүсийн ярилцлага унших дуртай. Тэдний амбийц харагддаг юм.
-Урьд нь домогт реппер Нотошион Би Ая Жи-тэй хамтарч уран бүтээл хийж байсан. Таны уран бүтээлд түүний нөлөө их үү?
-Мэдээж тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Орчин үеийн хөгжмийн ертөнцөд хамтран ажиллахгүйгээр амжилтад хүрэх нь ховор. Ганцаараа уран бүтээл туурвиж амжилт олох нь арав хорин жилийн өмнө боломжтой байсан бол өнөө үеийн хөгжим сонирхогчид биднээс илүү даяарчлагдсан зүйл хүсдэг болсон.
-Та рок болон поп хөгжим сонсдог уу?
-Сонсолгүй яахав. Хөгжим бол хөгжим. Би хип хоп дуучин болохоор бусад хөгжмийн урсгалыг сонсдоггүй, хүлээж авдаггүй гэж бусад шиг худал ярихгүй. Харин ч хип хоп, рок, поп гэж хувааж, ялгаж сонсдог хүмүүсийг би ердөө ойлгодоггүй. Би тэднийг “хөгжмийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхагчид” гэж ойлгодог.
-Таныг өдий зэргийн амжилтад хүргэсэн нууц юу вэ?
-Миний бодлоор айдас маань намайг ийм амжилтад хүрэхэд түлхэц болсон байх. Амжилтад хүрсэн хүмүүсийг их айдас дагаж явдаг. Учир нь тэд хөлс хүчээ дуслуулж байж амжилтад хүрсэн болохоор тэр бүхнээ өөр хэн нэгэнд алдчих вий гэхээс айж, өмнөх шигээ чанартай, шинэлэг зүйлс хийх эрэлд гардаг. Тиймээс миний “Blueprint 3” цомог надаас хамгийн их эрч хүч, хичээл чармайлт шаардсан цомог болсон гэж боддог. Мөн эхнэр, охин хоёрынхоо төлөө юу ч хийж чадна. Тэднийгээ харах бүрт хайр хүрч, ямар нэг зүйлийг тэдний төлөө хийх хэрэгтэй гэдгээ мэддэг.
-Ерөнхийлөгч асан Билл Клинтонтой оройн зоог барьсныхаа дараа та “Ерөнхийлөгч миний хөгжмийн талаар надтай ярилцаж байгааг бодоход ертөнц өөрчлөгджээ” гэж хэлж байснаа санаж байгаа байх. Барак Обама хүртэл тантай уулзсан байсан. Ингээд АНУ-ын хоёр Ерөнхийл өгч таны уран бүтээлийг ойлгож, дэмждэг байх танд ямар санагдаж байна вэ?
-Би хип хоп урлагийн насаар бол “Роллинг Стоунс” хамтлагийн хэмжээнд хүрээд байгаа гэж боддог. Заримдаа энэ талбарт ийм урт удаан жил оршин тогтнож байгаагаараа бахархдаг. Харин үүнийг маань улам баталж өгсөн хоёр Ерөнхийлөгчдөө баярлаж явдгаа хэлэх нь зүйтэй байх. Миний хувьд Обаматай гольф тоглох, Клинтонтой оройн зоог барих бол нэр төр болон амьдралын минь ховор завшаан. Гудамжны нэгэн реппер залуу хип хоп урлагаар дагнан ажилласны үр дүнд Ерөнхийлөгчтэй нүүр тулан тэдний сэтгэгдлийг сонсоно чинээ хэн бодох билээ.
-Юм бүхэн хувьсдагийн хэрээр хип хоп урлаг ч гэсэн өөрчлөгдөж байна. Гэхдээ хип хоп урлаг маркетинг тал руугаа илүү хувьсаж байгаа юм болов уу?
-Аливаа зүйлд давуу болон сул тал бий. Анх хип хоп урлаг сэтгүүлчдийн олж харж чаддаггүй нийгмийн болж бүтэхгүй байгаа зүйлсийг шүүмжилдэг иргэний дуу хоолой байсан бол одоо амьдралын тансаг хэв маягт уриалан дуудсан тал руу хувьсаж байгаа нь тийм ч буруу зүйл биш.
Г.ОЮУНТОГТОХ