Хайрын шүлгийн “Цагаан Уул” наадам энэ сарын 13-нд болохоор тов нь зарлагдаж өчигдөр эхний шатны шалгаруулалт өндөрлөсөн билээ. Энэхүү наадам нь жилээс жилд цар хүрээ нь улам өргөжин тэлж хөдөө орон нутагт уг наадам зохион байгуулагддаг уламжлал хэдийнэ бий болсон. Энэ жилийн хувьд “Цагаан уул” наадмыг Ховд Аймгийн Залуучуудын Холбоо 2 сарын 7-нд амжилттай зохион шилдгүүдээ тодруулсан. Тэгвэл дуу хуурын өлгий, найргийн орон гэгддэг Дундговь нутгийн залуус энэ сарын 14-нд буюу гэгээн хайрын өдрөөр уг наадмыг зохион байгуулахаар болжээ.
Уг наадмыг Дундговь Аймгийн Залуучуудын Холбоо, Дундговь аймгийн Утга зохиолын нэгдэл, Дундговь аймгийн төв номын сантай хамтран зохион байгуулах аж. Шалгаруулалт нь 2 үе шаттай явагдах ба 1-р шатанд нийт оролцогчид шүүгчдийн өмнө шүлгээ унших ба 2-р шатанд 5 яруу найрагч шалгаруулж “Цагаан уул” яруу найргийн наадмын эзнийг тодруулахаар болсон байна. Дундговь нутгаас С.Дашдооров, С.Буяннэмэх, Дамбын Төрбат, Цэндийн Чимэддорж, Долгорын Нямаа, Аюурбунъяагийн Лхагва, Долгорын Цэнджав гээд л үе үеийн шилдэг зохиолч яруу найрагчид төрөн гарсан байдаг. Энэ их найрагчдын түүчээ болж адуутай, айрагтай, найрагтай нутгийн нэрийг түмнээ дархлах шилдэг найрагчид энэ л наадмаас төрөн гарах бизээ.