Цэлийсэн тэнгэрийн зүүн хаяаг шунхдан тэмдэгрэх үүрийн гэгээ. Тунгалаг агаарт цээжээ тэнийтэл урт амьсгалан буй морьд. Захлан мэлтэлзсэн гол горхины уянгалаг хийгээд намуухан хоржигнох чимээ. Зүггүй яруугаар шулганалдах зүйлийн олон шувуу. Хамаг биеийг минь илбэн тохуурхах салхи. Энэ бол “Талын мэлмий, дасал зүрх” гэрэл зургийн үзэсгэлэнг сонирхон буйд орж ирсэн төс өөлөл минь. Хятад улсын таван гэрэл зурагчин хамтран Өвөрмонголын тал нутаг, монголчуудын ахуй амьдралын торгон агшинг буулгасан 240 гаруй бүтээлээрээ “Уран зургийн галерей”-д үзэсгэлэн гаргалаа. Хятад, Монгол Улс найрсаг хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаас хойш олон жилийг ардаа үдэж, соёл боловсрол, аялал жуулчлалын бат харилцаа тогтоосон найрамдалт хөршүүд болсон билээ.
Тал нутгийн гоо үзэсгэлэнг гайхан биширч, монгол үндэстэн, түүний агуу түүх, ёс уламжлалыг мөнхлөн үлдээх зорилгоор уг үзэсгэлэнг Улаанбаатар хотноо энэ сарын 10-12-нд гаргах юм. Ли Вэншэн, Жан Минюу, Пэн Гуан, Хан-Оргил, Хүчит нарын бүтээл өөр өөрийн онцлогтой бөгөөд мэргэжлийн гэрэл зурагчид биш аж. Гэрэл зурагчин Лин Вэншэн зэрлэг ан амьтан байгальтай хэрхэн зохицон амьдарч буйг өөрийн бүтээлээр харуулахыг зорьдог бол Хан-Оргил тал нутгийн малчин ард түмний аж амьдрал, өвс ургамлын сайхныг хүмүүст мэдр үүлэх сонирхолдоо хөтлөгдөн гэрэл зургийн аппараттай нөхөрлөсөн гэнэ. “Гэрэл зураг бүр түүх агуулан, биднийг он цагийн хэлхээгээр аялуулж, өөрсдийн биеэр хэзээ ч үзэж чадахгүй зүйлсээ харж, мэдрэх боломж олгодог урлаг юм. Хоёр улсын найрамдалт харилцааны ойд зориулан үзэсгэлэн гаргаж байгаадаа бид маш их баяртай байна.
Энэ удаагийн үзэсгэлэнгийн гол сэдэв нь морь юм. Монгол морины хурд хүч, авхаалж самбаа үнэхээр бишрэм, сайхан учир гэрэл зургийн хальснаа буулгахад хийморь сэргэх шиг л болдог. Үзэсгэлэнг маань олон хүн ирж үзэн, бидэнд урам хайрлаж байгаа нь сайхан байна” хэмээн Хан-Оргил ярилаа.
Г.ОЮУНТОГТОХ