“Өнөөдөр” сонины үүсгэн байгуулагч, соёлын гавьяат зүтгэлтэн Цэрэндоржийн Балдорж эрхлэгчийн маань “Өв залгамжлагчид” жүжиг энэ онд Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын тайзнаа амилж, XXI зууны өв залгамжлагчдын тухай өгүүлэх гэж байна. Жүжигчин, найруулагч О.Бат-Өлзий энэ уран бүтээлийг тус театрынхантай хамтран тоглуулахаар ажиллаж буй. 30-аад жилийн өмнө тэрбээр Хүүхэд, залуучуудын театрын тайзнаа энэ жүжигт тоглож явсан бол одоо найруулагчаар нь ажиллаж байна. Дорнын их талд зочилсон эрхлэгчийнхээ бүтээлийн мөрөөр, найруулагч О.Бат-Өлзийтэй ярилцлаа. Энэ жүжгийн зохиолыг 1985 оны гуравдугаар сарын 10-нд эхлүүлж, 1986 оны есдүгээр сарын 25-нд төгсгөсөн юм билээ.
-“Өв залгамжлагчид” жүжгийн сэдэв хуучиршгүй. Хүний сэтгэлийн нандин харилцаа, үнэнч хайр дурлал, харилцааны зөрчил гээд амьдралд тохиодог сургамжтай олон явдал зохиолд гардаг. Харин та яагаад энэ жүжгийг сонгож, Дорнодын театрт тоглуулахаар болсон бэ?
-Дорнодын Хөгжимт театрынхан намайг шинэ уран бүтээлийнхээ найруулагчаар ажиллаач гэж санал тавьсан юм. Тэдний санал болгосон зохиол гуравхан дүртэй байсан. Өөрсдөө ч энэ зохиолоо тоглох бүрэн итгэлгүй байсан учраас театрын 6-7 жүжигчинг тоглуулж болохоор зохиол надаас асуусан. Харин би Ц.Балдорж агсны “Өв залгамжлагчид” жүжгийг санал болгосон юм.
-2010 онд эрхлэгчийн маань бүтээлүүдийг багтаасан есөн боть ном гарсан. Тэр дунд энэ жүжгийн зохиол байдаг юм. Зохиолоо та энэ номоос олж авсан уу?
-Тийм ээ. Өгүүлсэн санаа, бас дүрийн хуваарилалтын хувьд энэ жүжиг л тэдэнд таармаар санагдсан. Бас нэлээд эртнээс “Өв залгамжлагчид” жүжгийн тухай бодож явсан болохоор шууд л санал болгосон нь тэр. Энэ жүжгийг хэзээ ч, хаана ч тоглосон үнэ цэнэ нь алдагдахгүй. Хүүхэд, залуучуудын театрт анх тоглож байсан учраас тэндхийн архивт жүжгийн зохиол хадгалагдах учиртай ч манай театр үгүй болоод удаж байна шүү дээ. Тиймээс жүжгийн зохиолыг Н.Шүр эгчээс асууж, боть номоос нь авсан.
-Хүүхэд, залуучуудын театрын жүжгийг шимтэн үздэг хүн олон байжээ. Ялангуяа энэ жүжиг нэлээд хэдэн жил үзэгчдэд хүрсэн гэж дуулсан. Хэдэн онд тоглож байлаа?
-1986 онд анх тоглосон санагдаж байна. Манай театрын шинэ жүжиг жинхэнэ хит болдог байсан цаг даа. Ц.Балдорж агсны “Өв залгамжлагчид”, “Хэрээ”, “Эмсүүд” жүжиг манайд тоглож байсан юм. Би энэ жүжигт гардаг Төрийн шагналт зураач Бандийн бага хүү Баатарын дүрд тоглодог байлаа. Гавьяат жүжигчин Галсанданзан, Дашхүү ах, Цолмон эгч, гавьяат жүжигчин Туяа болон Долгортой хамт тоглож байсан.
-Шинэчлэн тоглуулах гэж байгаа жүжгийн бэлтгэл ажил ямар шатандаа явна вэ?
-Бэлтгэл ажил хангагдсан. Өнөөдөр тайзаа засаж байгаа. Энэ сарын 13-нд театрын уран сайхны зөвлөлд жүжгээ хүлээлгэж өгнө. Харин Дорнодын театрынхан Цагаан сарын дараа буюу гуравдугаар сард жүжгээ тоглож эхлэх юм билээ. Жүжигчид зохиолоо уншиж, бэлтгэлээ сайн хийжээ. Би сарын турш тэдэнтэй ажиллаж байна.
-Орон нутгийн театрт драмын жүжиг тоглох нь ховор байсан. Харин сүүлийн жилүүдэд нэлээд өөр болж байна. Түүнчлэн нэг үеэ бодоход хөдөө, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын үйл ажиллагаа сэргэж байх шиг ээ?
-Дорнодын театр гурван жилийн өмнө шинэ байртай болсон шүү дээ. Наранхүү захирал олон шинэ ажил санаачлан хийдэг юм байна. Өнгөрсөн жил И.Штраусын “Сарьсан багваахай” опереттаг тогложээ. Мөн “Ван хүний үр” дуулалт жүжиг шинээр тавьсан байна. Бас шинэ уран бүтээлдээ төвөөс найруулагч урьж ажиллуулдаг нь жүжигчдэдээ ч өгөөжтэй байдаг бололтой. Зөв менежменттэй ажиллаж байгаа театр байна гэж харлаа. Орон нутгийн театр, чуулгын үйл ажиллагаа нэг үеэ бодоход сэргээд сайхан л болж байна. Хөгжимт драмын театр гэж нэгдсэн бүтэцтэй ажилладаг учраас дуучин, бүжигчин, хөгжимчний орон тоотой. Харин драмын жүжигчид цөөн юм. СУИС болон бусад сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн залуус хот бараадаж, телевизийн зар уншаад сууж байхаар орон нутагт ирж ажиллавал боломж их л байна.
-Өнгөрсөн өвөл дорнын тал цас ихтэй байсан. Энэ жил цаг агаар ямар байна даа. Та Дорнодод очоод овоо удчихлаа.
-Дорнодод цаг агаар сайхан, өнтэй өвөл болж байна. Шинэ театр нь дотроо уран бүтээлчдээ байрлуулах тохитой өрөөтэй юм. Бараг зочид буудал шахуу. Эндээ зураачтайгаа хамт байрлаад, байнга бэлтгэлээ хийлгээд л байж байна.
-Хамт ажиллаж байгаа уран бүтээлчдээ танилцуулна уу?
-Театрын зураач Баярмагнай надтай хамт энд урилгаар ажиллаж байна. Дорнодын театрын жүжигчин Гантуяа, Цэрэннадмид, Ганбаатар, Ариунчимэг, Болроо нар жүжгийн гол дүрд тоглож байна.
-Өмнө нь та орон нутгийн театрт жүжиг тавьж байсан уу?
-Өмнө нь Өвөрхангай аймагт Наранжаргалын “Харамсалтай нь хайртай” жүжгийг найруулж байсан. Драмын гурав дахь жүжгээ найруулж байгаа нь энэ.
-Үзэгчид нь драмын жүжиг сонирхож байна уу?
-Театрууд нь жилдээ нэг л жүжиг тоглодог байх. Түүнийг нь 4-5 тоглоод л ханачихдаг гэсэн. Хүн амыг нь бодохоор зах зээл байгаа юм шиг хэрнээ жүжиг сонирхон үздэг хүн нь цөөн бололтой. Тийм болохоор жүжигчид нь сумдаар аялан тоглодог гэсэн.
-Та сүүлийн үед өөр ямар уран бүтээл хийж байна вэ. Кино хийхгүй юү?
-Би энэ зунаас нэг түүхэн сэдэвтэй кино найруулах бодолтой байгаа. Одоохондоо үүнээс илүүг хэлмээргүй байна.
Ж.СОЛОНГО