Цагаан сарын шинийн нэгэн болоод ирвэл дээ хө Цагаан эсгий гаднаа дэвсээд Тэнгэр бурхандаа мөргөлөө дөө хө Царайлаг төрсөн Янжиндуламдаа Санасныгаа хэлвэл дээ хө.... энэ л дуу Цагаан сарыг урин дууддаг, догдлуулдаг. Эмээ минь шинэхэн орсон цасан дээр хурган дээлийг дотроор нь эргүүлж сэгсрэн, үсийг нь сэргээгээд л. Шинэ өнгө татан, сар шинэдээ бэлдэж эхэлдэгсэн. Сар шинэ дөхөхөөр хөдөөний бүсг үйчүүд шинэ дээлийн өнгө сонгож үйл урлаж эхэлнэ. Эрчүүд нь тэнгэрийн хаяа ажин, хадгийн наадамд морио сойж, давхилыг нь тааруулах гээд ухаан ургуулна. Харин хотын хүүхнүүдийн явдал суудал их болж, зав гарвал л дэлгүүр хоршоогоор орж өнгөтэй,чимэгтэй бүхнийг сонирхон, залуус хөөрөг даалингаа зэхэж, машин унааныхаа өнгө үзэмжийг засна. Ийнхүү цагаан сар айсуй. Нэг л өглөө босоход өнөөдөр шинийн нэгэн гээд хадаг дэлгэн ахмадуудтайгаа золгох болчихно. Харин та сар шинийн гоёлоо сонгож амжсан уу? Хараахан авч амжаагүй, ямар сонголт хийхээ шийдээгүй байгаа бол “Монгол костюмс” ХХК-ийн музейн тайлбарлагч, судлаач Г.Дамдиндуламын зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.
-2015 оны дээлний загвар ямар байна вэ?
-Эрт үеэс монголчууд дээлнийхээ загварыг малгай, гуталтайгаа тохируулан хийж өмсдөг байсан шүү дээ. Сүүлийн үед энэхүү загвар буюу монгол үндэсний хувцсыг иж бүрнээр нь өмсөхийг илүү их таашаадаг болсон байна. Хүн бүр өөр өөрийн сонирхлоороо сонгож байгаа болохоор яг ийм загвар моодонд ороод байна гэж хэлэхэд хэц үү. Ерөнхийдөө 2015 онд загвар “хөөхөөсөө” илүү хуучны, үндсэн хэв маягийг чиг хандлага болгож байгаа гэхэд болно. Хүүхнүүд загварын дээл биш, уламжлалт үндэсний дээл, уужинд илүү дурлаж байгаа харагдсан. Харин эрчүүд дээлний гадуур хантааз, хүрэм хослуулдаг байсан бол энэ жил аль нэгийг нь өмсөхийг чухалчлах болсон байна.
-Монголчуудын үндэсний дээлний загварын ерөнхий элемент нь юундаа байдаг вэ?
-Үндэсний дээлний эсгүүр, хийц, загварт уламжлагдаж ирсэн хэд хэдэн элемент бий. Хормой, зах, энгэр, ханцуй зэрэг нь өмсөж буй хүнийхээ галбир төрхийг зөв гаргаж өгсөн байх нь чухал юм. Жишээ нь, дөрвөлжин энгийн хийцтэй, хүннүгийн үеийн мөөрөлжин зах зэрэг нь үндсэн элементэд орно. Мөн өнгө, донжийг нь зөв тааруулах, эмжээрийг дээлний материалтай хослуулах нь сайхан харагдах үндэс болдог. Монголд олон үндэстэн, ястан бий шүү дээ. Тиймээс бүгд өөрсдийн онцлогийг харуулсан дээл хийх ур маяг, хийцтэй.
-Энэ жилийн Цагаан сараар хүмүүс ямар өнгөөр голчлон дээл хийлгэж байна вэ?
-Хүмүүс өөр өөрийнхөө сонирхдог өнгөөрөө л дээл хийлгэхийг хүсдэг болсон. Энэ нь моод хөөсөн, баригдмал сэтгэлгээнээс салж байгаагийн илрэл юм болов уу даа. Монголчуудад дээр үеэс уламжилж ирсэн дээлний өнгөн үүд бий. Аль улиралд өмсөхөөс хамаарч эмэгтэйч үүд номин цэнхэр, ногоон, улаан, цагаан өнгө сонгодог бол эрч үүд хөх, бор, хүрэн гэх мэтийн хүнд өнгийг илүүд үздэг байсан юм билээ. 2015 онд энэ өнгийг хүмүүс их сонирхож байна гэж тодорхойлох боломжгүй. Үйлчлүүлж буй хүмүүс өөрсдийн царай төрх, биедээ аль болох зохимжтой өнгөөр л дээл захиалдаг болсон.
-Урд жилүүдэд хүмүүс торгоор дээл хийхийг чухалчилдаг байсан. Энэ жил дээлний материал ямар байвал илүү гоё харагдах вэ?
-Эрэгтэй, эмэгтэй хүмүүс торго, дурдан гэхээсээ илүү энгийн даавуун дээл хийлгэхийг эрхэмлэх болж. Өмсөж хэрэглэхэд хөнгөн, аль болох биед амар байхаар материалаа сонгох нь зөв юм болов уу. Манай салоны хувьд энэ жил хүүхнүүддээ ямар ч хувцсан дээр зохицох уужийг санал болгож байгаа. Ууж ямар ч материал, өнгөтэй байсан эмэгтэй хүнийг эрхэмсэг харагдуулдаг.
-Үндэсний дээл өмссөн хүн малгай тавих хэрэгтэй болдог. Энэ жил ямар малгай худалдан авагч ихтэй байна вэ?
-Малгайны сонголт хийхдээ хүм үүс дээл, гутландаа тохирсон өнгийн, өөрт зохисон загварыг л мөн сонирхож байна. Түүнчлэн өмссөн байхад эвтэйхэн, хатуулга багатай малгай энэ жил гүйлгээ сайтай байгаа. Ангийн үнэт үсээр хийсэн малгай, лоовууз зэрэг нь ямар ч хувцсан дээр зохицдог учраас моодноос гарна гэж бараг байхгүй. Жилийн жилд захиалга ихтэй байдаг юм. Манай улсад эрт үеэс уламжилж ирсэн 200 гаруй төрлийн малгайны загвар бий. Мөн 400-гаад нэр төрлийн дээлний төрөл бий гэсэн судалгаа ч байдаг. Харин үндэсний дээлэн дээр зүүх бүсийг сүүлийн үед дээлний загвар хийц, өнгөнд тааруулан хослуулж, хамт хийдэг болсон.
-Эрт үед монгол хатад дээлтэйгээ чимэг, зүүлтээ хослуулдаг байсан юм билээ. Сүүлийн үед энэ уламжлал нэлээд алдагдаж буй санагдах юм. Охид, бүсгүйчүүд дээлэн дээрээ ямар чимэг, зүүлт сонговол илүү тохиромжтой харагдах вэ?
-Монгол үндэсний хувцсан дээр энгийн гэхээсээ илүү унжлагатай ээмэг, толгойны гоёл илүү сайхан харагддаг. Эмэгтэйчүүдийн гоёл чимэглэлийг алт, мөнгө, үнэт чулуугаар нандин, чамин хийцтэй урлан хийдэг байсан нь одоо моод болоод байгаа. Охид, бүсгүйчүүд маань толгойны гоёл буюу шанаавчийг малгайтайгаа хослуулах сонирхол их болсон. Нэг хэсэг үүнийг урлагийн хүмүүс л хэрэглэх ёстой гэсэн ойлголттой болчихсон байж билээ. Сонирхуулахад, Ардын жүжигчин Т.Хандсүрэн гуай цул алтаар толгойны гоёл хийлгэн зүүж байсныг би санадаг юм. Зүүсэн байхад монгол эмэгтэй хүний царай төрхийг их гоё харагдуулдаг, хээнцэр эд дээ.
-Дээлээ өмсчихлөө. Малгайгаа хослуулчихлаа. Ээмэг зүүлтээ ч зүүчихлээ. Харин одоо гутал хэрэгтэй. Ямар гутал энэ жил аятайхан харагдах бол?
-Монголчууд хаана ч байхгүй өвөрмөц гутал өмсдөг. Монгол гутал дэлхийд гайхагддаг гэж хэлж болно. Тийм ч учраас ээтэн хоншоортой гутлаа үндэсний баяраараа өмссөн байхад бүх насны хүнд сайхан харагддаг.
-Энэ жилийн сар шинийн гоёлын үнэ урд жилүүдтэй харьцуулахад хэрхсэн бэ?
-Хийц, загвар, материал зэргээс хамаарч хувцасны ханш тогтдог. Энэ жил үнийн хувьд харьцангуй тогтвортой байгаа.
Г.ОЮУНТОГТОХ