Хардалт, өс хонзон, тарчлаан, аллага, амиа хорлолт... Өнгөрсөн бямба гаригт ДБЭТ гэх цаг хугацааны байшинд илбэдүүлж, 1800 оны зургадугаар сард болсон нэгэн эмгэнэлт явдлын гэрч болов. Ром хотын Сант Андреа сүмд амьдардаг шулуун шударга зантай зураач Каварадосси эх дагина Магдалленагийн хөргийг бүтээхдээ хайрт бүсгүй Тоскагийнхаа төрхийг шингээн суужээ. Римийн эрх чөлөөний төлөө тэмцсэнээсээ болж хоригдож байгаад оргосон Чезаре Анжелотти түүнээс тусламж гуйж сүмд нуугддаг. Зураач залууд хайртай ч хэтэрхий хартай Тоска эх дагины хөргийг ажаад сурвалжит бүсгүй Аттавантиг зуржээ гэж хардаж, орой дахин ирэхээр тохироод оддог. Удалгүй Цагдаагийн газрын дарга, гүнтэн Скарпъя оргодлыг эрж сүмд ирэв. Азаар оргодол, Каварадосси хоёр зугтаж амжсан ч Анжелотти дэвүүрээ орхисон байж. Эх дагины хөрөг Аттавантитай адилхан байгааг ч Цагдаагийн газрын дарга ажигладаг. Хөрөгтэй төстэй хэмээгдэх бүсгүй Анжелоттигийн дүү бөгөөд ахыгаа оргуулахад тусалсан учир зураачийг ч энэ хэрэгтэй холбоотой хэмээн гүнтэн сэрдэв. Зальт Скарпья Тоскагийн хардах сэтгэлийг ашиглан зураачийг барихаар сэдсэн нь ёсоор болжээ. Аттавантиг Каварадосситай учиртай гэж гүнтэн Тоскад итгүүлж орхив. Хардсанаасаа болж дүрэлзсэн Тоска Каварадоссигийн байгаа газар руу явахад цагдаа нар түүнийг мөшгиж, дурлалт эрийг нь баривчилдаг. Оргодлыг хаана нуусныг хэлүүлэхээр Каварадоссийг эрүүдсэн ч журамт нөхрөө илчилдэггүй. Хайртай хүн нь өөрөөс нь болж баригдаж, зовлонгийн дээдийг эдэлж буйг нүдээр үзэх хэчнээн гачлантайг Тоскагийн төрх байдал, гунигт цээл хоолой, хөгжм өөс зүрхэндээ тустал мэдэрч болохоор байв. Скарпъя Тоскагийн биеийг эзэмдэж, төлөөсөнд нь зураа чийг хуурамчаар буудах тушаал цэрг үүддээ өгч, хосуудыг саадгүй хил давуулахаар тохиролцож, бичиг хийв. Тоска үүнийг гаднаа зөвшөөрсөн ч энэ гутаан доромжлол, зовлонг хүлцэлг үй, Скарпъяг ойртох гэхэд амийг нь егүүтгэдэг. “Цэргүүд хуурамчаар буудахад үхсэн дүр үзүүлээрэй. Тэгээд хоёул зугатаж, эрх чөлөөтэй болно” гэж Тоска Каварадосситой тохирдог. Гэвч хорон санаат Скарпъя мэхэлсэн байжээ. Цагдаа нар зураачийг хөнөөж, хүн амины хэргээр Тоскаг баривчлах гэхэд бүсгүй амиа хорлосноор гачлант дуурь төгсөв.
Өндөр нарийн, огцом дээш доош үсэрсэн, адармаатай, урт богино төрөл бүрийн хэмжээтэй аянуудтай, сонгодгийн сонгодог, хэр баргийн дуучдын барж идэх хоол биш гэгддэг дуурийн Тоскад Эрдэнэтуяа, Каварадоссид Д.Эрдэнэ-Очир, Скарпъяд гавьяат жүжигчин Э.Амарүвшин дуулж, найрал хөгжмийг Ж.Бүрэнбэх удирдлаа. Б.Эрдэнэтуяа хартай эрхэмсэг бүсгүйгээс хөөрхийлөлтэй бас зоримог нэгэнд хувирч, тун чадварлаг жүжиглэхийн зэрэгцээ гурван цаг орчим дуулахдаа хоолой нь огтхон ч цуцаагүй. Э.Амартүвшин хэдий эсрэг дүрд дуулсан болов ч түүний баргил цээл хоолой Скарпъяг бусдаас нь тодотгож байлаа. Эсрэг тэсрэг гурван дүр, хүнд драмын үйл явдлыг хөгжмийн аялгуугаар тодорхой илэрхийлснээрээ “Тоска” гайхалтай аж. Гол дүрийн гурав төрөл бүрийн байдлаар ертөнцийн мөнх бусыг үзүүлдэг эл дуурь дээрх үхэл болхи санагдсаныг нуух юун. Тоска Скарпъяг хутгалж байгаа нь үнэмшилгүй, түлхчихэв үү дээ гэхийн зуурт унасных нь дараа учрыг сая ойлгосон. Мөн Тоска цамхаг дээрээс үсэрч амиа хорлож буй нь нөмөргөөрөө дэвж байх шиг харагдсан нь үнэмшилгүй байлаа.
Ж.Пуччинигийн хамгийн алдартай уянгын аринууд багтсан гэгддэг “Тоска” дуурийг Монголд анх 1982 онд тавьж, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулганы найруулгаар ардын зураач Ч.Гунгаасүхийн бүтээсэн тайзнаа Тоскад Төрийн шагналт, ардын жүжигчин Х.Уртнасан, Каварадоссид гавьяат жүжигчин Д.Банди, Скарпъяд ардын жүжигчин А.Хавлааш дуулж байжээ. Зохиолч Сардугийн “Флория Тоска” драмын жүжгийн гол дүрд тоглосон Сара Бернарын жүжиглэлт Пуччини эл дуурийг тавихад хүчтэй нөлөөлсөн гэдэг. Тэрбээр уг жүжгийг хэдэнтээ үзээд хөгжмийн партитураа 1898 оны зургадугаар сараас 1899 оны есдүгээр сар хүртэл бичиж, Ромын “Констанци” театрт 1990 оны нэгдүгээр сарын 14-нд анх тогложээ. Энэ үеэр үзэгчид алга нижигнүүлэн ташиж, түүнийг 18 удаа тайзнаа дуудсан гэдэг. Үйл явдлын гол чиглэлийг хурцатгаж, үглэлийн олон аргыг хэрэглэн уянгалаг аялгуунуудыг зохиолын өрнөлтэй нягт холбосноороо сонгодгийн сонгодог болсон бүтээлийг нэгэн шүүмж судлаач “Хөгжмийн бүтэцдээ хорвоогийн бүх өнгө сүүдрийг гайхамшигтайгаар уян хатан хольж чадсан” гэж үнэлж байсан бол Лондонд тавихад нь “Таймс” сонинд “Пуччини бол урлагийн шаналанг илэрхийлэхдээ мэргэжилтэн” гэж бичиж байжээ.
Б.ДӨЛ