Дуучин, далны сийлбэрч Т.Баттогтохыг монголчууд хэдийнэ таньдаг болжээ. Тэгвэл түүний ах Т.Баттулга ч мөн Монголын арьсан урлагийг хөгжүүлэх холбооны тэргүүн, уран бүтээлч хүн юм. Тэд өнөөдөр Монголын урчуудын эвлэлийн “Арт” галерейд хамтарсан үзэсгэлэн гаргахаар болжээ. Энэ сарын 24 хүртэл үргэлжлэх арьсан урлал болон далны сийлбэрийн үзэсгэлэнд 50 гаруй шинэ бүтээл нь багтсан аж.
Тэд өвөг дээдсээс уламжилж ирсэн нүүдэлчин соёл, ёс заншлын илрэл болсон арьс болон далны ясыг орчин үеийн урлагтай хослуулан өөрсдийн өвөрмөц арга барилаар урласан хонь, ямаа, адууны шир болон арьсаар “Туурайн тамга”, “Нутгийн салхи”, “Юндэн гөөгөө”, “Уламжлал”, “Хоймор” арьсан авдар болон тэмээ, адуу, хонь, үхрийн далны ясаар урлан сийлж бүтээсэн “Түрүү магнай”, “Ажнай”, “Эр хоёр загал”, “Хөх жанжин” зэрэг бүтээлээ танилцуулах юм.