Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ойд зориулж тус музейн хамт олон сан хөмрөгтөө хадгалагдаж буй 100 гаруй үзмэрийг олны хүртээл болгоод байна.
Үзэсгэлэнд дэлгэгдсэн 1942 оны зандан шатар нь түүний хамгийн дуртай тоглоом байжээ. Очирт хэмээх уран дарханаар захиалж хийлгэсэн уг шатар малын хөдөлгөөн бүрийг өөрөөр дүрсэлсэн дахин давтагдашгүй бүтээл аж. Түүнчлэн нэрийн хуудасны мөнгөн хайрцаг, энгэрийн цаг, гэрэл зургийн аппаратын талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Маршал Х.Чойбалсан залуудаа их ганган, чамин зүйл сонирхдог байсныг энэ үзэсгэлэнгээс харж болно” гэв.
Тэрбээр алтадмал гар буугаа үргэлж биедээ авч явахаас гадна хүмүүст гайхуулах дуртай байсан гэнэ. Түүнчлэн барилдах дуртай байсан учраас өөрийн гэсэн зодог шуудагтай байсан аж. Гэхдээ төр, нийгмийн тэргүүн хүн барилдахад эвгүй харагдана хэмээн зодог шуудагаа олон хэрэглээгүй гэдэг. Уг алтадмал буу, зодог шуудгийг Х.Чойбалсангийн гэргий Б.Гүндэгмаа гэртээ хадгалж байгаад, нас барахынхаа өмнө тус музейн сан хөмрөгт дургасан байна. Үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.