МУЭ-ийн гишүүн, Монголын арьсан урлагийг хөгжүүлэх холбооны тэргүүн, уран бүтээлч СТА Төрбатын Баттулга, МУЭ-ийн гишүүн, сийлбэрч, дуучин, СТА Төрбатын Баттогтох нар хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэхээр болжээ.
Тэдний “Удам” хэмээх үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 9-нд МУЭ-ийн Арт үзэсгэлэнгийн танхимд болно. Энэхүү үзэсгэлэн нь ах, дүү хоёр уран бүтээлч ур ухаан, авьяас билгээ шингээн урлаж Монголынхоо үндэсний урлагийг олон түмэнд таниулан сурталчлах зорилготой.
Тэд өвөг дээдсээс уламжилж ирсэн нүүдэлчин соёл, ёс заншлын илрэл болсон арьс болон далны ясыг орчин үеийн урлагтай хослуулан өөрсдийн өвөрмөц арга барилаар урлажээ. Үзэсгэлэнд Т.Баттулгын хонь, ямаа, адууны шир болон арьсаар “Туурайн тамга”, Нутгийн салхи”, “Юндэн гөөгөө”, “Уламжлал”, “Хоймор” арьсан авдар зэрэг 30 гаруй бүтээл, Т.Баттогтохын тэмээ, адуу, хонь, үхрийн далны ясаар урлан сийлж бүтээсэн “Түрүү магнай”, “Ажнай”, “Эр хоёр загал”, “Хөх жанжин” зэрэг 20-иод бүтээлийг дэлгэх юм.
Энэ сарын 24-ныг дуустал арьсаар болон далны ясаар бүтээсэн урлагийн ховор бүтээлүүдтэй танилцах боломжтой.