Түүнийг орчин цагийн хамгийн нэртэй шатарчин гэдэг байв. Шатраа л тоглож байвал түүний оролцсон тэмцээнийг зохион байгуулах хүмүүс олддог, алдар цуутай хүмүүс, нөлөө бүхий улстөрчид ямар ч буулт хийхэд бэлэн, ямар ч өндөр бооцоог нь даахад бэлэн байдаг байлаа. Испанийн “El Mandos” сонинд түүнийг “сонгодог шатрыг үгүй хийсэн XX зууны хамгийн суут солиот” гэж бичиж байсан удаатай. Еврей үндэстэн хэрнээ түүнийг үзэн ядагч, эмэгтэй хүнд яснаасаа дургүй, АНУ-ын үндэсний баатар, тэгсэн мөртлөө олон улсын хэмжээнд Холбооны мөрдөх товчоо эрэн сурвалжилж байсан, Гитлер, бен Ладен нарыг ухаангүй шүтэгч энэ хүний амьдрал бүхэлдээ өөртэйгөө хийсэн их тулаан байсан гэлтэй. Роберт Жеймс Фишер 1943 оны гуравдугаар сарын 9-нд Чикаго хотод төрсөн байна. Ээж Швейцарийн еврей Регина Фишер нь тухайн үедээ нацист Германаас зугтаж, ЗХУ-д ирж байсан бөгөөд энд Анагаахын дээд сургууль төгсөж Германы физикч Герхард Фишертэй суужээ. Фишерийнхэн 1939 онд Оросоос Америкт очив.
Боббиг (Роберт) зургаан нас хүрэхэд нь шатар авч өгсөн байна. Чухам тэр цагаас хойш хүү шатрын хөлөгнөөс салаагүй төдийгүй хонон өнжин өөртэйгөө тоглодог байв. Эцэст нь Регина хүүгээ шатрын клубт оруулжээ. Фишер 10 настайдаа анх тэмцээнд түрүүлж, шатраас хөндийрөхгүйн тулд 14 насандаа сургуулиа орхиж, хойтон жил нь АНУ-ын шатрын хамгийн залуу аварга болов. 1958 онд тэрбээр Югославт бүс хоорондын тэмцээнд орж 5-6 байрыг хуваан эзэлж их мастерын болзлыг давуулан биелүүллээ. Дараа жил нь мөн Югославт болсон дэлхийн аваргын төлөөх тэмцээнд оролцсон ч олигтой амжилт олсонгүй. Михаил Тальд 4:0 харьцаагаар “бут” авахууллаа. Гэлээ ч амжилт түүнд ойрхон байжээ. 1960-1962 онд Бобби олон улсын дөрвөн тэмцээнд түрүүлж, нэг л удаа хоёрт оржээ. 1960-аад оны дунд үе болоход Фишерийг дэлхийн хамгийн хүчтэй шатарчны нэг гэх болсон байлаа. Америкийн энэ суу билигтний оргил үе нь 1971 онд тохиосон юм. Энэ үед тэрбээр зөвхөн хожоод зогсохгүй өрсөлдөгчөө басамжилж, бяц гишгэж, эцэст нь буулгаж авдаг, тоглолтын тийм хайр найргүй загварыг нэгэнт бий болгочихсон байв. Дэлхийн аваргын төлөөх шиг шээ тоглолтын явцад Фишер 85 хувийн амжилт үзүүлж Зөвлөлтийн шатарчдын ноёрхлыг өршөөлгүйгээр таслан зогсоолоо.
Марк Тайманов, Бент Ларсен нарыг ийм түвшний тоглогчдын хувьд үнэмшимгүй 6:0 гэсэн харьцаагаар буулгаж авсан бол Тигран Петросян тэднээс арай илүү эсэргүүцэл үзүүлсэн ч таван тавилын дараа дөрөв дараалан хожигдсон байлаа. Шийдвэрлэх тоглолтын талаар яриа хэлэлцээ сунжирсан, нэлээд түвэгтэй байдалд болов. Фишер болохоор тоглолтыг Югославт явуулах хүсэлтэй, дэлхийн аварга Борис Спасский харин Исландад хийх бодолтой байлаа. Фишер тэмцээнийг зохион байгуулагчдын биелүүлж боломгүй шаардлага ар араас нь тавиад л, Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Макс Эйве ч дуртайяа буулт хийгээд л. ЗХУ-ын Шатрын холбоо Фишерийн адайр зангаас залхахдаа дэлхийн аваргын төлөө өрсөлдөхөөр тоглогчийг томилохыг шаардах боллоо. Эцэст нь Исландад тоглохыг Фишер зөвшөөрсөн ч шагналын санг хоёр дахин нэмэх шинэ болзол тавив. Үүнийг сонссон Лондоны санхүүч Жим Слейтер 125 мянган доллар нэмэрлэж шагналын сан тэр үедээ байгаагүй хэмжээнд хүрч 250 мянган доллар болжээ. Гэтэл 1972 оны долдугаар сарын 1-нд Рейкьявик хотод шатрын дэлхийн аваргын төлөөх тоглолтын нээлт болоход Фишер өөрөө ирсэнгүй. Сугалаа сугалахад байгаагүйнх нь төлөө түүнийг хожигдсонд тооцож болох байсан ч Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч сугалааг хойшлуулж, хулчгар зангаасаа болж тэмцээнийг тасалдуулах гэж оролдсон Фишерийг зэмлэсэн өгүүллүүд Барууны хэвлэлд гарах хүртэл сугалааг дахин хоёр удаа хойшлуулсан аж. Шатарчин маань тэгэхэд онгоцыг нь оросууд дэлбэлэхээс айн Нью-Йоркоос нисэж зүрхлэхгүй байжээ.
Ийм нөхцөлд АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Кенри Киссинжер аргагүйн эрхэнд энэ явдалд оролцож Фишертэй утсаар ярьж “Таныг тэмцээнд орж оросуудыг бут ниргэхийг Америк хүсэж байна” гэж хэлжээ. Энэ тоглолт 10 хоногоор хойшлон байж долдугаар сарын 11-нд эхлэв. Эхний тавилд Фишер хожигдож, телевизийн бичлэг хийдэг бүх аппаратыг хурааж авахыг шаардлаа. Тоглолтын явцыг шууд дамжуулах эрхийг нэгэнт худалдчихсан байсан болохоор тэмцээнийг зохион байгуулагчид уг шаардлагыг хүлээн авсангүй. Тэгсэн чинь Фишер хоёр дахь тавилд ирсэнгүй, ингээд түүнд техникийн ялагдал хүлээлгэв. Тоглолт тасарч магадгүй аюул тулгарлаа. Орчин тойрных нь хүмүүс бүгд үүнийг хүсэхгүй байгааг суут Фишер ойлголгүй яах вэ, тэгээд тоглолтыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөхдөө гурав дахь тавилыг сэтгүүлч, үзэгчгүй, хаалттай өрөөнд явуулахыг шаардав. Ингэхдээ “Миний гол зорилго бол өрсөлдөгчөө дарамтлах” гэж Фишер хэлж байжээ. Гурав дахь тавилыг хаалттай орчинд тоглохыг Спасский хэдэн өдрийн дараа зөвшөөрлөө. Энэ тэмцээнд Фишер долоо хожиж, нэг хожигдож, 11 тэнцэж дэлхийн аварга боллоо. Эндээс очиход нь Фишерийг Америк орон үндэсний баатар мэтээр хүлээн авч, Ерөнхийлөгч Никсон Цагаан ордонд түүнд зориулан зоог барихаар урьсан ч “Намайг юм зажилж байхад хүмүүс ам руу харахыг тэвчиж чаддаггүй юм” гэж хэлээд Фишер татгалзсан гэдэг.
Спасскийтай тоглосон сүүлчийн тавил нь Фишерийн хувьд албан ёсоор хийсэн эцсийн тоглолт байжээ. 1975 онд дэлхийн аваргын төлөө шинэ өрсөлдөгч Анатолий Карповтой тоглохоос татгалзсан байна. Тиймээс 1975 оны дөрөвдүгээр сарын 3-нд түүнд техникийн ялагдал өгснийг зарлаж аваргын титэм Зөвлөлтийн их мастерт шилжив. 1990-ээд оны эх хүртэл Фишер Калифорни муж улсын Пасаден хотод олны нүднээс далд зожиг ганцаардмал амьдарсан аж. Түүнийг үнэндээ мартчихаад байсан 1992 онд Югославын банкны эзэн Е.Василевич даагаа нэхэх бизнес тоглолт Спасскийтай хийхийг санал болгоход гайхалтай нь дэлхий аварга асан зөвшөөрчээ. Шагналын сан нь таван сая ам.доллар байлаа. Тоглолтыг Югославын Свети-Стефан арал дээр хийв. Гэтэл Югославын нутаг дэвсгэр дээр болох тоглолтод оролцох нь олон улсын хоригийг зөрчсөн хэрэг болж арав хүртэл жил шоронд суух ял хүлээнэ гэсэн анхааруулга тоглолт эхлэхээс өмнө АНУ-ын Төрийн департаментээс Фишерт ирдэг байгаа. Тоглолт эхлэхийн өмнө хийсэн хэвлэлийн бага хурал дээр тэрбээр “Би Нэгдсэн улс бол оюунлаг гүрэн, энд ухаалаг хүмүүс аж төрдөг гэж хүмүүст итгүүлэхийг хичээдэг байсан юм. Гэтэл намайг гутааж, доромжилж, над руу нулимлаа, би тэдэнд мөн тийм хариу барина” гэж хэлээд Төрийн департментийн тэр бичиг рүү нулимж, урж хаясан аж. Тоглолт болдгоороо болж 30 өрөг тоглоод Фишер 10:5 харьцаагаар ялсан байна. Уг тоглолтыг тэрбээр хожим нь “дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” гэж нэрлээд хэн ч түүнийг хожоогүй учраас өөрийгөө дэлхийн аварга хэмээн нэрлэж явах болно гэж хэлсэн байдаг.
Энэ ялалтын дараа Фишер АНУ-д эргэн ирж болохгүй болсон байлаа. Хоригийг зөрчсөний зэрэгцээ 1976 оноос хойш, түүний дотор сая болсон тоглолтоос авсан шагналаасаа татвар төлөөгүйн учир 250 мянган ам.долларын торгууль ногдуулсан байв. Тэгээд шатрын ертөнцөд байгуулсан гавьяандаа цэг тавьсан сүүлчийн гайхалтай өргүүдээ тоглосон чухам тэр л улс нь Фишерийн шинэ эх орон болсон юм. Эцэст нь Фишерийн этгээд, гажиг гэмээр зарим үйлдлийн талаар цухас өгүүлье. 2001 оны есдүгээр сарын 11-нд Нью-Йорк хотод үйлдсэн аймшигт алан хядах ажиллагааны дараа хэвлэлийнхнээс ямагт нуугдаж байдаг нөгөө Фишер маань Филиппиний радио руу утасдаж, “Энэ бол маш сайхан мэдээ. Нэгдсэн улсын бөгс рүү аль хэдийнэ ингэж өшиглөх ёстой байсан юм. Би энэ ажиллагаанд баяр хүргэж, газрын хөрснөөс Америк арчигдаж буйн гэрч болохыг хүсэж байна” гэж мэдэгджээ. Радиогоор бас нэг удаа үг хэлэхдээ “Америк улс еврей нарын бүрэн хяналтад байдаг юм. Бүх дарга нар нь еврей, Тагнуулын төв газрынхан чинь еврейн төлөө ажилладаг хархнууд” гэж хэлсэн байдаг.
Филиппиний радиогийн сурвалжлагчтай ярилцахдаа есдүгээр сарын 11-ний “Аль-Кайда”-гийн алан хядах ажиллагааг бүрэн сайшааж буйгаа илэрхийлсэн аж. Тоглож байх үедээ танхимд маш нам гүм байхыг Фишер шаарддаг байсан бөгөөд өчүүхэн ч чимээг андахгүй, ихэд бухимддаг байж. Рейкьявикт Борис Спасскийтай эхний өргөө тоглож байгаад гэнэт хөлгөөс нүдээ салгаж “Арванхоёрдугаар эгнээнд сууж буй бүсгүй мөс хөхөхөө болиоч” гэж хашгирахад Исландын шатарчин залуу эмэгтэй Астрид Бьерндоттир “Би ердөө гурав дахиа...” хэмээн өөрийгөө өмөөрөхийг оролдоход “Гурав дахь биш ээ, долоо дахь нь, намайг мэдээгүй гэж бодож байна уу, худалч минь” хэмээн Фишер хэлж байжээ. Фишер сэтгүүлчтэй бараг уулздаггүй, олон нийтийн аливаа арга хэмжээнд оролцохдоо мөнгө төлөхийг шаардаж нэг ёсондоо үнэ тариф тогтоочихсон байсан гэдэг. Тухайлбал, захидал уншсаныхаа төлөө 1000, утсаар яривал 2500, хувиараа уулзвал 5000, ярилцлага өгвөл 2500 ам.доллар нэхдэг байжээ.
Р.ЖАРГАЛАНТ