“Чоныг араатан гэж ойлгодог өрнөдийнхний үзлийг өөрчилж, энэ тэнгэр язгуурт амьтан нүүдэлчин монголчуудтай салшгүй холбоотойг харуулсан” хэмээн “Чонон сүлд” романыхаа тухай БНХАУ-ын зохиолч Зян Рун ярьж байжээ. 1967 оны Хятадын Соёлын хувьсгалын үеэр 20 гаруй сая оюутныг нүүдэлчдийн хүнд хүчир ажилд туслуулахаар илгээдэг.
Тал нутгийнхны дунд амьдралынхаа 11 жилийг өнгөрүүлсэн Лю Зяминд байгаль дэлхий, ан амьтантайгаа шүтэлцэн амьдардаг монголчуудын соёл тариачдынхаас илүү сэтгэгдэл төрүүлдэг тухай эл зохиолд өгүүлдэг. “Хар цагаан” киногоороо Оскарын шагнал авч байсан Францын найруулагч Жан Жак Анногийн сонирхлыг “Чонон сүлд” роман ихэд татаж, тэрбээр Хонконгийн “Эдко фильм” болон “China film group”-тэй хамтран дэлгэцийн бүтээл болгосноо энэ сарын 4-нд нээлээ.
ӨМӨЗО-ы уран бүтээлчдийн “Гаадан Мээрэн” кинонд тоглож, франц найруулагчийн нүдэнд өртөн “Чонон сүлд”-ийн гол дүрд тоглосон жүжигчин Р.Анхням өчигдөр эх орондоо ирлээ. Түүнийг жүжигчин М.Түвшинхүү, Ч.Болд, С.Ариунбямба тэргүүтэй Монголын тайз дэлгэцийн мэргэшсэн жүжигчдийн холбооны гишүүд угтаж авлаа.
Энэ үеэр Р.Анхнямтай товч ярилцсанаа хүргэе.
-Уншигчдынхаа өмнөөс танд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцана уу?
-Миний найзууд ийм сайхнаар угтаж авна гэж бодсонгүй. Баярласандаа болоод уйлах нь ээ. БНХАУ-ын Намын төв хорооны байранд киноны нээлтийн үйл ажиллагаа боллоо. Эх орноо төлөөлж Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд болон найруулагч Д.Золбаяр, жүжигчин Б.Амарсайхан нар киноны нээлтэд оролцсон. Өчигдөр ажлынхаа үр дүнг харлаа. Аятайхан бүтээл болсон байна лээ, сэтгэл хангалуун байна.
-Уг кинонд тоглох бэлтгэлээ хэрхэн хангасан бэ?
-Хэлний бэлтгэлд дөрвөн сар суралцсан. Монголоо төлөөлж явсан учир уран бүтээлч болон хувь хүний хувьд алдаа гаргахгүйн тулд цаг минут тутам хичээж, маш их анхаарсан.
-Дүрийнхээ тухай танилцуулна уу?
-Уг кинонд БНХАУ-ын кино од Фэн Шаофэн, Дуо Сяо болон “Чингис хаан”, “Аравт” киногоор нь бидний сайн таних, Өвөрмонголын Д.Баасан ах тоглосон. Би киноны ганцхан эмэгтэй гол дүр болох Галсмаагийн дүрийг бүтээлээ.
-Тэр бүсгүйн мөн чанарыг нь хэрхэн гаргав?
-Би зүгээр л энгийн монгол эмэгтэй байхсан гэж хүссэн. Хятад, Өвөрмонголын олон зуун алдартай эмэгтэй жүжигчинтэй өрсөлдөж байж энэ дүрд шалгарсан тул эх орныхоо нэрийг муу хэлүүлэх эрхгүй.
-Монгол ахуйг хэр сайн дүрсэлж чадсан бэ?
-Мэдээж, гадаад найруулагч хийсэн болохоор монгол ахуйг бүрэн дүүрэн илэрхийлж чадаагүй. Бид ч бас хэчнээн судаллаа гээд Францын тухай тэр улсын иргэд шиг сайн мэдэхгүй шүү дээ. Гуйвуулсан юм бий. Хамгийн гол нь монгол соёл, нүүдэлчний амьдралыг дэлхийн түвшний кинонд дүрсэлнэ гэдэг том дэвшил. Олон улсад монгол ахуйг харуулснаар гадаадын бусад уран бүтээлч биднийг сонирхоно. Тэгэхээр манай кино урлаг хөгжиж, дэлхийн тавцанд гарахад ойртож байна гэсэн үг.
-“Монголчууд үүнийг ингэж хийдэг юм аа” гэх зэргээр зарим зүйлд найруулагчид зөвлөсөн үү?
-Яг энэ асуудлаар найруулагчтайгаа өчнөөн маргалдаж, заримыг нь өөрийн талд шийдэж чадсан. “Бид үндэстний ахуйг харуулсан кино хийгээгүй. Хүн төрөлхтний, чонын тухай хийж байгаа учир тэр бүрийг нарийвчлан анхаарах боломжгүй. Монголчуудын сэтгэлгээг харуулах кино хийвэл ахуйг нь нарийвчлан дүрслэх хэрэгтэй” гэж найруулагч тайлбар өгч, бодсоноороо хийсэн олон зүйл бий.
-“Чонон сүлд” романы тухай шүүмж судлаачид янз бүрээр тайлбарладаг. Киногоо үзээд та юу бодсон бэ?
-Судлаачид “Монголчуудыг муулсан, эсвэл магтсан роман” гээд л өөр өөрсдийнхөө өнцгөөс тайлбарладаг. Энэ кинонд бол монголчууд тэнгэрийн үзэлтэй, тэнгэрийн хүмүүс гэж өгүүлж, биднийг маш их дөвийлгөсөн.
-Цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Хятад кинонд тоглох урилга олон ирж байгаа. Мэдээж уран бүтээлчийн хувьд олон улсын хэмжээний кинонд тоглох хүсэл байлгүй яах вэ.
-“Чонон сүлд”-ийг Оскарт сойно гэсэн үү?
-Энэ тухай би тодорхой мэдэхгүй юм. Манай найруулагчаас сэтгүүлч энэ тухай асуухад “Би баттай хэлж мэдэхгүй байна” гэж хариулсан.
-Энэ бүтээлд тоглосноор Анхням үзэл бодлын хувьд хэр өөрчлөгдсөн бэ?
-Хүн угаас цаг тутамд хөгждөг учир энэ кинонд тоглосноор мэдээж олон зүйл сурч мэдсэн. Олон орны туршлагатай 500 гаруй уран бүтээлч хамтарч ажиллаж бие биенээсээ ихийг суралцлаа. Зөвхөн гадаадын уран бүтээлчдээс л бид суралцдаг юм биш шүү. Тэд монголчуудаас ч бас их зүйлийг ойлгож авсан.
-Гадаадын уран бүтээлчдийн кинонд тоглох нь юугаараа өөр вэ?
-Хэлний бэрхшээл их гарсан. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд найруулагчтайгаа ойлголцсон. Зураг авалтын үеэр хятад уран бүтээлчидтэй хятадаар, монголчуудтайгаа эх хэлээрээ харилцаж тоглосон. Олны хүртээл болохдоо тухайн улсын хэлээр гарна. Азид ирэх сард албан ёсны нээлтээ хийнэ гэсэн. Чонын бэлтрэг сургахаас эхлээд киноныхоо бэлтгэлийг долоон жил хийсэн юм билээ. Жүжигчдээ сонгон шалгаруулж, зургаа авахад жил хагасын хугацааг зарцуулсан. Кино бол мөнгөний урлаг учир техник технологи, уран бүтээлчдийн хамрах хүрээ, зарцуулсан хөрөнгөөрөө манайхаас ялгаатай. Түүнээс биш, манай найруулагчид, жүжигчид гадаадынхнаас дутахааргүй, бараг илүү гэж хэлж болно.
Б.ДӨЛГӨӨН