Монголын уран барилга, уран баримал, уран зургийн дахин давтагдашгүй цогцолбор бүтээл болох Чойжин ламын сүм музей нь 107 жилийн түүхтэй юм. Арвин баялаг судлагдахуунтай энэ музейд эрдэмтдийн анхаарлыг хандуулж, цаашид хамтран ажиллах зорилгоор тус музейн хамт олон өнөөдөр “Чойжин ламын сүм музей Монголын түүх, шашин, соёл, урлаг судлалын судлагдахуун болох нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал хийхээр болжээ.
Хуралд Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Эрдэм соёлын хүрээлэнгийн захирал Ш.Сонинбаяр, Гандантэгчэнлин хийдийн дэд хамба Н.Нанзаддорж, МУБИС, НХУС-ийн Түүхийн тэнхмийн багш, доктор Л.Алтанзаяа, “Цаглашгүй гэрэлт” шүтээн урлалын төвийн тэргүүн, буддын гүн ухаан судлаач, бурхан урлаачч Д.Ухаанзаяа нарын эрдэмтэн судлаачид оролцох юм.