Уран бүтээлийн түр завсарлага аваад байсан “Guys” хамтлагийнхан “Хайрын бүжиг” тоглолт хийж үзэгчдэдээ бэлэг барихаар болжээ.
Гэгээн хайрын баярыг угтаж хийж буй энэхүү тоглолтод тус хамтлагийнхан 18 жилийн турш дуулсан 23 дуугаа эгшиглүүлэх юм.
Мөн орчин үеийн тайз, дэлгэц, гэрэл, хөгжмийн эффектийг чадварлаг хослуулсан, өвөрмөц сонирхолтой найруулгаар толилуулах аж. Тоглолт энэ сарын 14-нд “Чингисийн өргөө”-д болно.
Тус хамтлагийнхан “Best of the Guys” шилдгийн шилдэг 18 дуунаас бүрдсэн цомог гаргасан байна. Энэ нь "Guys" хамтлагийн зургаа дахь бие даасан цомог бөгөөд гэгээн хайрын өдрөөс эхлэн худалдаанд гарах гэнэ.
"Guys" хамтлагийн дуучин Х.Ундрал “2006 онд “Зун орсон цас” хэмээх анхны мюзикл тоглолтыг хийснээс хойш "Guys" хамтлаг есөн жилийн турш тоглолт хийгээгүй байна.1997 оноос хойш манай хамтлагийг сонсож шүтэж ирсэн фэнүүд маань ч гэсэн бидний тоглолтыг тэсэн ядан хүлээж байгаа гэдэгт итгэж байна” гэлээ.
Дашрамд дуулгахад, "Guys" хамтлагийхан "Best of the Guys" нэртэй аялан тоглолт хийхээр төлөвлөсөн байна. Аялан тоглолт энэ сарын 18-ны өдөр БНСУ-д хийх тоглолтоор эхлэх аж.
М.Болорцэцэг
Гэрэл зургийг Э.Харцага