Усан дороос бие нэвт гэрэлтүүлсэн нимгэн цагаан цамцтай гарч ирээд л “Бүсгүйчүүдийн зүрх булиглуулагч” хочтой болсон жүжигчин Колин Фертийг “Оддын амьдрал”-д онцолж байна. Амьдралынхаа 30 орчим жилийг урлагт зориулж, 40 гаруй кинонд тоглож, гурван тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон Колин Ферт дэлхийд алдартай 50-иас дээш насны хамгийн халуухан эрсийн жагсаалтад эхний 10-т багтдаг. “Брижит Жонсын өдрийн тэмдэглэл”, “Сувдан ээмэгтэй бүсгүй”, “Англи өвчтөн”, “Гоонь эр”, “Хааны айлтгал” тэргүүтэй олон киногоороо бидний эчнээ танил болсон, “Оскар”- ын шагналт тэрбээр ээж, гэргий, зохиолч Жэйн Остин нарыг биширдэг юм билээ.
• Колин Лондоны Хэмпширт 1960 оны есдүгээр сарын 10-нд сэхээтэн айлын ууган хүү болон мэндэлжээ. Түүний аав Дэвид Норман түүхч, Нигерийн Засгийн Газрын Боловсролын хэлтэст ажилладаг байсан бол ээж Шэйрли Жэйн нь Винчестерийн их сургуульд харьцуулсан шашны талаар хичээл заадаг, эрдэмтэн аж.
• Ээжийнх нь элэнц эцэг шашны санваартан бол аавынх нь өвөө далайн чанадад шашин нэвтрүүлэгч, англикан сүмийн хувраг байсан учир эцэг, эх нь бага насаа Энэтхэгт өнгөрүүлжээ. Аавынхаа ажлаас болж нэлээд хэдэн жилийг Нигерт өнгөрүүлж, 11 настайдаа Америкийн Миссури мужийн Сэнт Луист амьдарч байж. Энэ он жилүүдийг “Хэцүү цаг” хэмээн тэрбээр хожим дурссан. Дашрамд дурдахад, бага насаа Нигерт өнгөрүүлсэн болоод ч тэр үү, тэрбээр Африкийн уугуул иргэдэд элэгтэй, тэдний эрхийг хамгаалахын төлөө тэмцдэг “Survival international” төрийн бус байгууллагыг дэмждэг аж. Ботсваны Засгийн газар уугуул иргэдийг нутгаас нь албадан нүүлгэж байсныг эсэргүүцэж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр буруутгаж байжээ.
• Өсвөр насандаа Хэмпширтээ буцан ирж, Аламэйн Монтгормэрийн ахлах сургуульд, дараа нь Бартон Пэвэрил коллежид суралцжээ. Колин эцэг эхээ даган нүүдлийн маягтай амьдардаг байснаас болж, хаа газар “харийн хүн” мэтээр адлагддаг байсан гэнэ. Англи хэлний бохир дуудлагаасаа болж хүүхд үүдэд шоолуулдаг байж. Колин Ферт их сургуульд суралцаагүй. “Надад сургууль таалагддаггүй байсан. Тэнд уйтгартай, сургах юм бага, цагаа дэмий үрээд байх шиг санагддаг байсан. Гэхдээ Бартон Пэвэрил коллежийн Пэнни Эдвард багшийн ачаар Английн уран зохиолд дурласан” хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ.
• Гэхдээ тэрбээр багадаа л мэргэжлээ сонгочихсон, 10 настайгаасаа жүжгийн дугуйланд явдаг байж. 1980 онд Колин Лондонд ирж, Үндэсний театртаа хувцас хэрэглэлийн танхимд ажилд орон, урлагийн гараагаа эхэлсэн байна. Зохиолч Жулъян Митчелийн 1981 онд нээлтээ хийсэн “Өөр улс” жүжгийг 1983 онд дахин тавихад тэрбээр шалгаруулалтад орж, ижил хүйстэн хүүгийн дүрд тогложээ. Үүнээс нэг жилийн дараа уг жүжгийг дэлгэцийн бүтээл болгоход мөн Колин тоглож нэг шат ахижээ.
• 1987 онд Тим Рот, Брюс Пэйн тэргүүтэй жүжигчидтэй хамтран Холливудад гарсан Британийн залуу жүжигчдийн “Брит Пак” бүлэг байгуулсан байна. Жилийн дараа Британийн цогтой тэмцэгч, зоригт цэрэг Роберт Лауренстийн бодит түүхийг өгүүлэх “Tumbledown” киноны гол дүрд тоглосон аж. Баруун, зүүний үзэлтэй кино шүүмжлэгчдийн дунд уг бүтээл маргаан өрнүүлж, Колин амилуулсан дүрээрээ Эзэн хааны телевизийн нэрэмжит шагнал хүртэн, BAFTA-д шилдэг эрэгтэй жүжигчинд нэр дэвшжээ.
• 1989 онд “Volmant” киноны гол дүрийг бүтээхдээ хамтран тоглосон Мег Тайллид дурлажээ. “Мегт анхны харцаар л дурласан. Үүнийгээ түүнд итгүүлэх гэж нэлээд хугацаа зарцуулсан шүү” хэмээн хайрын түүхээ хэвлэлд ярьж байжээ. Тэд 1990 онд гэрлэж, Мегийн төрсөн нутаг Канад руу нүүсэн байна. Хосууд жижиг дүнзэн байшинд амьдарч, Уилъям нэртэй хүүтэй болжээ. Гэвч карьераа орхиж, хүний нутагт амьдрах нь таалагдаагүй бололтой, таван жилийн дараа Колин эхнэрээсээ салж, Англи руугаа буцжээ.
• Ийн хэсэг чимээгүй байснаа Английн алдарт эмэгтэй зохиолч, реализмын төлөөлөгч Жэйн Остины “Бахархал ба бардамнал” романаас сэдэвлэсэн зургаан ангит кинонд тоглосноор алдрын оргилд хүрч, зүрх булиглуулагч хочтой болжээ. Дэндүү хямсгар, язгууртан ноён Дарси, эгэл айлын хоёр дахь охин Элизабет Баннет нарын ээдрээт, албархуу, XIX зууны сэтгэл хөдөлгөм хайрын түүх өгүүлэх уг кинонд бүтээсэн дүрийнх нь талаар нэгэн шүүмжлэгч “Хүйтэн хөндий балмад Дарсигийн олон өнгө сүүдрийг Колин харуулж чадсан нь энэ кино олны сайшаал хүртэхэд их нөлөөлсөн. Ялангуяа түүний уснаас гарч ирдэг хэсэг Дарсигийн дэврүүн сэтгэл, оргилсон хүслийг тод томруун харуулж, зүрх булиглуулдаг” хэмээж байжээ. Сонирхуулахад, уг кинонд хамтран тоглосон Жэннифер Ээлтэй хайр дурлалын холбоотой болсон ч энэ талаар хэвлэл мэдээллээр шуугиж эхлэхэд хосууд салсан байна.
• “Англи өвчтөн”, “Дурласан Шекспир”, “Халуун давирхай”, “Тэр намайг олсон”, “Сүүлчийн Легион”, “Мамма Миа” тэргүүтэй олон кинонд тоглож, “Гоонь эр”-ийн коллежийн профессорийн дүрээрээ 2009 онд Венецийн 66 дахь олон улсын кино наадмаас шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал авчээ. Дэлхийн II дайны өмнөхөн Их Британи Умард Ирландын нэгдсэн Вант улсын хаан ширээг залгамжилж буй ээрүү Жорж хунтайжийн дүрээр “Оскар”- ын шагнал хүртсэн юм. “Би Хааны айлтгал кинонд тоглох хүртлээ VII Жоржийн намтрыг судалж байгаагүй. Сонирхолгүй гэж бодож байтал их таалагдсан. Ээрүү хүн яаж уран илтгэх вэ гэдгийг судалсан. Яг л усанд живж байгаатай адил, эсвэл том хар нүхний төгсгөлд хэзээ ч хүрч чадахгүй мэт сэтгэгдэл төрдөг гэж багадаа ээрүү байсан, манай киноны зохиолч Дэвид Сэйдлер хэлсэн нь уг дүрийг бүтээхэд их тус болсон” хэмээжээ.
• Тэр тайз, дэлгэцийн жүжигчин төдийгүй найруулагч, зохиолч аж. Колин 1997 онд Италийн найруулагч, продюсер Ливиа Жиугиолитой гэрлэсэн. Эхнэрийнхээ 2007 оны бүтээл “Шорон дахь миний бүх амьдрал” баримтат кинонд туслах найруулагч, продюсерээр нь ажиллажээ. Филаделфын цагдаа Даниэл Фолкнэрийг 1981 онд буудаж цаазаар авах ял авсан Мумай Абу Жамалыг өөд болох хүртэлх амьдралыг нь уг кинонд өгүүлдэг аж. Колин олны танил болоогүй найруулагчдыг дэмжих зорилготой “Филмака” студийн шүүгчдийн зөвлөлд багтдаг. Тэрбээр олноос айдаг өвчтэй хүмүүст зориулсан ном, дэлхийн төрөл бүрийн соёл иргэншлийн талаар өгүүллийн түүвэр хэвлүүлж байсан муугүй зохиолч гэнэ.
Б.ДӨЛГӨӨН